Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг бизнес эрхлэгчид сонирхож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-18 17:39:31

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Энэ үеэр “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулав. Хувийн хэвшлийн төлөөлөгч Н.Лхагвасүрэн, М.Наранчимэг зэрэг бизнес эрхлэгчид, төрөөс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд зохистой оролцох, төр өөрөө гаргасан хуулиа зөрчдөгийг таслан зогсоох, төрийн хяналт шалгалт дарамт болж байгааг анхаарах, үнэнч шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, байгууллагууд хохирч үлддэг, татвар төлөөгүй байгууллагууд хожих боломж олгодог татварын хууль, эрх зүйн орчин бий болгодог тогтолцоо нь авлига, хээл хахуулийн асуудалд холбогдох нөхцөл боломж бүрдүүлж байгааг онцлон ярилаа. Мөн худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжих байдлаар оролцуулах хүсэлт тавьсныг нийт оролцогчид дэмжиж байлаа. 

Аймгийн Засаг дарга Л.Ганболд “Төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, хувийн хэвшлийн байгууллагуудын санал санаачилгыг дэмжин, саналыг хүлээн авах, аймгийн брэнд бүтээгдэхүүнийг дэмжих чиглэлээр ажиллана. Сум хөгжүүлэх сангаас олгосон чанаргүй зээл, гэрээний үүргээ биелүүлээгүй байгууллагуудын зээлийн мөнгийг буцаан төвлөрүүлж, үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, худалдан авах ажиллагаанд хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахаар төлөвлөж байгаа” гэдгээ бизнес эрхлэгчдэд мэдэгдлээ. 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг  Хөвсгөл аймгийн хувийн хэвшлийн төлөөлөгчид дэмжиж, цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Ж.Батсайхан

Связанные новости