ӨМНӨГОВЬ: Орон нутагт анх удаа их өгөгдлийн дашбоард угсарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-19 13:55:14

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. "Дижитал өгөгдөл дата төв" нь Өмнөговь аймгийн хэмжээнд их өгөгдлийг цуглуулах, хадгалах, боловсруулах, хиймэл оюунд ашиглах үндсэн чиг үүргийнхээ дагуу Монгол улсын их өгөгдлийн нэгдсэн сангаас дашбоард угсрах ажлыг зохион байгууллаа.

 

Тодруулбал, нэгдсэн мэдээллийн систем болох дашбоардыг ерөнхий мэдээлэл, хүн ам, эдийн засаг, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр гэсэн үндсэн хэсгүүдтэйгээр угсарчээ.

 

Дашбоард гэдэг нь мэдээлэл, үзүүлэлтүүдийг нэг дэлгэц дээр ойлгомжтой, хураангуй байдлаар харуулдаг удирдлагын самбар юм. Энгийнээр хэлбэл олон тооны өгөгдлөөс хамгийн чухал тоо, график, үзүүлэлтүүдийг нэг дор харж, хурдан шийдвэр гаргахад зориулсан систем билээ.


Энэхүү дашбоардыг "Санхүүгийн мэдээлэл технологийг төв" УТҮГ-тай хамтран эх үүсвэрийн мэдээллийг Монгол Улсын хүн амын нэгдсэн сан, Татварын нэгдсэн сан, Эрүүл мэндийн нэгдсэн сан, Статистикийн нэгдсэн сан, Боловсролын нэгдсэн сан, Эрүүл мэндийн даатгалын нэгдсэн сан, И баримтийн нэгдсэн сан, Үндэсний системийн хур болон дан системүүдийн нэгдсэн сангуудаас зохих холболтуудыг хийж нэгдсэн байдлаар шийдвэр гаргалтад ашиглах, мэдээлэл харах, дүн шинжилгээ хийх зорилготойгоор холбогдох албан хаагчдад зориулсан юм.

 

Өмнөговь аймгийн их өгөгдөлийн дашбоард нь 21 аймгаа тэргүүлэн өөрийн аймгийн өгөгдлийг нэгдсэн сангаас ялган бодит цаг хугацаа горимд, төрөл бүрийн ахисан түвшний анализ хийхэд зориулсан уламжлалт өгөгдлийн сангаас Их өгөгдлийн бүтэц рүү шилжүүлснээрээ чухал ач холбогдолтой юм.

 

Цаашид "Дижитал Өмнөговь" болон "Смарт сити" ухаалаг системүүд суурилагдан орон нутгийн их өгөгдөл цугларснаар Өмнөговь аймгийн өөрийн дотоод их өгөгдөл дээр тулгаарлусан төрөл бүрийн Дашбоард, системүүдийг угсрах боломж бүрдэж байгаа талаар дата төвийн ажлыг мэдээллээ.

 

Связанные новости