Японы Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-12-19 19:50:12

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Төв банк бодлогын хүүгээ 0.75 орчим хувьд хүргэж өсгөжээ. Энэ нь сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшин юм.


Төв банкны бодлого боловсруулагчид баасан гарагт дууссан хоёр өдрийн хурлаар бодлогын хүүг одоогийн 0.5 хувиас нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ цалингийн өсөлттэй холбоотой асуудал нь бодлогын хүүгийн түвшний талаарх хэлэлцүүлгийн гол хүчин зүйл байсныг дурдсан байна.


Японы Төв банкны бодлого боловсруулагчид үйлдвэрчний эвлэлүүд болон компаниудын цалингийн асуудлаарх хаврын хэлэлцээний зорилт үзүүлэлтүүд дээр үндэслэсэн цалингийн өсөлт үргэлжилнэ гэдэгт улам илүү итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 


Тус банк хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард бодлогын хүүг нэмэгдүүлсэн бөгөөд мөнгөний бодлогын сүүлийн зургаан хуралдаанаар хүүг 0.5 хувьд хэвээр үлдээсэн юм.

Связанные новости