Дэлхийн хамгийн өндөр хүү сагсан бөмбөгийн шинэ амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-12-19 19:18:18

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /BBC/. Оливье Рио гэдэг 2.36 м өндөр өсвөр насны хүү коллежийн сагсан бөмбөгийн түүхэнд сагсны шийдэнд бөмбөг тохож оноо авсан хамгийн өндөр тоглогч болжээ. 


“Флорида Гаторс” багийн тоглогч тэрбээр лхагва гарагт баг нь “Сент Фрэнсис” багийг 102-61-ээр буулган авсан тоглолтын төгсгөлд шийдэнд тохож оноо авсан байна. Өдгөө 19 настай канад тамирчин өнгөрсөн сараас анх талбайд гарснаар коллежийн талбайд тоглосон хамгийн өндөр тоглогч болсон юм.


О.Рио 2021 онд Гиннесийн дээд амжилтын номд хамгийн өндөр өсвөр насны хүүхэд гэж бүртгэгдсэн бөгөөд тухайн үед 2.26 м өндөр байжээ. Хэрэв тэрбээр сагсан бөмбөгийн дээд лигт дэвшин тогловол одоогийн бүх тоглогчийг өндрөөрөө давж гарах юм.


NBA-д 21 настай Францын сагсанбөмбөгчин Виктор Вембаньяма хамгийн өндөр тамирчинд тооцогддог бөгөөд “Сан-Антонио Сперс”-ийн од түүний өндөр 2.24 м юм. Түүний дараа “Мемфис Гриззлис” багийн 23 настай тоглогч Зак Иди /2.21 м/ бичигддэг.


NBA-гийн цахим хуудасны мэдээллээр, 2.18 м өндөртэй өөр гурван тоглогч байдаг нь “Портленд Трэйл Блэйзерс” багийн 23 настай Донован Клинган, “Юта Жазз” багийн 24 настай Уокер Кесслер, “Атланта Хокс” багийн Кристапс Порзингис юм.


Харин NBA-гийн түүхэн дэх хамгийн өндөр тоглогчид бол Мануте Бол, Георге Мурешан нар бөгөөд тэд хоёулаа 2.31 м өндөр ажээ. М.Бол 1985-1997 оны хооронд тоглож байсан бол “аварга биет” хочит Г.Мурешан 1991-2001 онуудад талбайд тоглож байлаа.


Гиннесийн дээд амжилтын номд өмнө нь Хятадын 2.36 м өндөр тамирчин Сун Минмин 2013 онд эх орондоо тоглож байхдаа хамгийн өндөр сагсанбөмбөгчнөөр бүртгэгдэж байжээ. Тэрбээр жилийн дараа зодог тайлсан байна.

Связанные новости