Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төслийн
талаар Монголбанкны ерөнхийлөгч
С.Наранцогт танилцуулав. 2025 онд
Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр хоёр тэрбум төгрөгийг Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн
төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн
судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөжээ. Эрдэнэсийн санд 2025 онд иргэдээс эд
зүйл худалдах тухай өргөдөл ирснээс “Жанрайсаг бурхан”-ыг “Худалдах, худалдан
авах гэрээ”-г байгуулан, эд зүйлийг хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт үйлдэж
Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн байна.
Монголбанкны дурсгалын зоосны дээж болон франчайз зоосыг гүйцэтгэлээр орлогод
авахаар төлөвлөсөн бөгөөд арваннэгдүгээр
сарын 30-ны өдрийн байдлаар 162 ширхэг дээж зоосыг үндсэн сангийн байнгын бус
хэсэгт орлогоор бүртгэжээ.
1945 оны зоосон мөнгөн тэмдэгт 2000 ширхэг, Монголбанкны “Хүндэт банкир” тэмдгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэснийг С.Наранцогт ерөнхийлөгч танилцуулав. Түүнчлэн Монголбанкны санаачилгаар болон франчайзаар үйлдвэрлэсэн дурсгалын зоос, үрлэн мөнгө, гулдмайг Эрдэнэсийн сангийн Гүйлгээ санд орлогоор бүртгэсэн талаар, тус сангаас холбогдох төлөвлөлтийн дагуу дурсгалын зоос болон алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдсан аж. Чингис хаан баримлын үзэсгэлэнгийн нээлт болон Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дахь эд зүйлсийн сэлбэн тордолт, бусад ажлын зардалын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлээд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дэх эд зүйлсийн талаар танилцуулсан аж.
Тэгвэл С.Наранцогт ерөнхийлөгч 2026 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийн төслийг танилцуулахдаа “Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад 2 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тусгасан. Мөн Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, ирэх онд үйлдвэрлэх дурсгалын зоос болон бусад эд зүйлийг гүйлгээ санд орлогоор бүртгэх, үүнд 24300 ширхэг дурсгалын зоосыг худалдахаар төлөвлөсөн байна” гэв.
УИХ-ын гишүүд шийдвэрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Ulaanbaatar