ОРХОН: Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-25 12:10:47

Баян-Өндөр,2025 оны арванхоёрдугаар сарын 25/МОНЦАМЭ/. 2026 онд "Зууны манлай бүтээн байгуулалт" Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой тохиож буй. Аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар сарын 24-ний өдрийн 9-р хуралдаанаар ажлын хэсгээс бэлтгэл ажлын явцын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.  


Аймгийн Засаг даргын захирамжаар түүхт ойг тэмдэглэхтэй холбоотой бэлтгэл хангах ажлын хэсгийг 27 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг  ахалж байна. 


Ерөнхий ажлын хэсэг 6 дэд ажлын хэсэгтэй, салбар тус бүрээр бэлтгэл ажилдаа ороод байна. 


Энэхүү ойг угтсан бүтээн байгуулалтын 124 ажлыг 58.7 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэх урьдчилсан тооцооллыг гаргажээ.


Үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар  9.8 тэрбум, Баян-Өндөр сумын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 сая, Жаргалант сумын хөрөнгө оруулалтаар 2.1 тэрбум, томоохон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хандиваар 46.6 тэрбум төгрөгийг босгохоор төлөвлөөд байна.


Ажлын хэсгийн дарга, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг хэлэхдээ, “Бид түүхт 50 жилийн ойгоо угтаж энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн” гэдгээ онцлов.  Тэдгээрээс онцолбол, А.Амарын талбайг гантиг чулуун хавтангаар шинэчлэх, хотын түүх болсон Урт цагааны гудамжийг засаж сайжруулах, дурсгалт газар бий болгох, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг тусгажээ. 


Мөн Эрх чөлөөний өргөн чөлөөний Чандмань уулзвараас 5-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх,   цахилгаан машин цэнэглэх болон авто зогсоол байгуулах, түүхт ойг зорин ирсэн иргэдэд зориулсан отоглох цэг  байгуулах  юм. Түүнчлэн Орхон аймаг, Эрдэнэт хотоос  төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Э.Содномпэлжээ, шатрын дэлхийн аварга Б.Мөнгөнзул нарын спортын алдартнуудын нэрэмжит 19 төрлийн тэмцээн уралдаан,  соёл урлагийн 35 тоглолт зохион байгуулах төлөвлөгөөг гаргаад байна.


Эрдэнэт хотын унаган иргэд, хөдөлмөрчид, Эрдэнэт хотоор овоглосон хэн бүхний дэмжлэгтэй бий болгох хандивын санхүүжилтээр 88 арга хэмжээг хэрэгжүүлнэ.  Үүнд, Цэнгэлдэх хүрээлэнгийн  засвар, цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоом нэмэгдүүлэх, Хаягжуулалтын стандарт нэвтрүүлэх, угтах хаалга орчмыг тохижуулах, Баян-Өндөр хайрхан болон Бурхан багшийн сэрэг дүр орчмыг тохижуулах  зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.






Связанные новости