ЗАВХАН: Улиастай сумын нийт 81 км урт дулаан болон цэвэр усны шугамыг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-25 14:10:34

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймагт энэ онд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтуудыг онцлох 10 үйл явдал хэмээн нэрлэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  


Онцлох үйл явдлын гуравдугаарт Солонготын давааг хатуу хучилттай болгох 12.08 км зам барилгын ажлыг нэрлэжээ.


Тус авто замд 3 ширхэг төмөр бетон гүүр, ус зайлуулах бетон хоолойг 24 цэгт хийх юм. Мөн давааг уруудан аюулгүйн зогсолт хийх гурван байрлалтай, давааны орой дээр амралтын зогсоолтой ба нийт 10.000 метрийн урттай туузан хашлага хийнэ. Солонготын давааны замыг цэвдэгт тэсвэртэй асфальтаар хучих юм. Солонготын давааг хатуу хучилттай болгосноор Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн иргэд ая тухтай зорчих боломж бүрдэнэ.


Онцлох үйл явдлын дөрөвдүгээрт Завхан аймгийн төв Улиастай сумын 43.5 км шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг нэрлэжээ.


Улиастай сумын 43.5 км шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг энэ онд эхлүүлжээ. Тухайлбал Жинст, Богдын гол багийн албан байгууллага, айл өрхийн дулааны өгөх буцах, халуун усны өгөх буцах, цэвэр усны гэсэн 5 хос, нийт 43.5 км урттай шугам сүлжээг шинэчлэн тавьж байна. 2024 онд Өлзийт багт 22,5 км цэвэр усны шугамыг хийжээ. Тус багт дулааны станцын 1-р хэлхээний хүрээнд 15 км шугам тавигдах юм.


2027 он хүртэл үргэлжлэх уг ажлын нийт төсөв нь 18.6 тэрбум төгрөг юм. Шугам сүлжээний зураг төслийг “Кингсий инженеринг” ХХК хийсэн бол гүйцэтгэгчээр “Биг монголиа билдинг” ХХК ажиллаж байна. Ийнхүү 2027 он гэхэд Улиастай хотод эдгээр гурван багц ажлын хүрээнд нийт 81 км урт дулаан болон цэвэр усны шугамыг шинэчлэн, зарим газар шинээр тавихаар төлөвлөсөн байна. 

Солонготын давааг хатуу хучилттай болгосноор Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн

иргэд ая тухтай зорчих боломж бүрдэх юм.


Улиастай сумын дулааны шугам сүлжээг шинэчлэх, шинээр тавих бүтээн байгуулалтыг эхлүүлжээ

Связанные новости