Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-25 14:27:09

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Хуулийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Азийн хөгжлийн банкны 475.0 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийн төслийг УИХ-ын Эдийн засаг, Төсөв болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод танилцуулж, хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгосны дагуу энэ оны арваннэгдүгээр сарын 4-нд Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт гарын үсэг зуржээ.

 

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан дараах төслийг хэрэгжүүлэх аж. Үүнд:

-17 аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөн шинэчилж, аймаг бүрд яаралтай болон эрчимт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, II шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.

-Нийслэл, орон нутгийн нэн шаардлагатай байршилд 32 сургууль, 9 цэцэрлэг барих бөгөөд ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын анги дүүргэлтийг бууруулна.

-ХАА-н салбар дахь хүний нөөцийн ур чадварыг зах зээлийн эрэлттэй нийцүүлж, мэргэжлийн болон техникийн боловсролын төрөлжсөн жишиг сургалтын тогтолцоог бий болгоно.

-Онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зэрэг төслийг хэрэгжүүлнэ хэмээн төлөвлөжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Х.Жангабыл, Н.Батсүмбэрэл, Д.Ганбат нар асуулт асууж. хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

 

Связанные новости