БУЛГАН: Монголын уламжлалт урлал Хөхүүр цах дэлхийн музейд мөнхөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-25 18:09:20

Булган,2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/.  Булган аймгийн Сайхан сумын уламжлалт өв тээгч, нутаг орондоо Уран Ганбаа гэж алдаршсан Гомбын Ганбаатартай ярилцсанаа хүргэж байна. Түүний Монголын үндэсний соёлын өв хөхүүр цах нь дэлхийн музейд хадгалагддаг байна. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Монголын уламжлалт соёл, нүүдлийн ахуйг илэрхийлэх соёлын үнэт өвийг дэлхийд таниулах зорилгоор Булган аймгийн Сайхан сумын урлаач Гомбын Ганбаатарын урласан хөхүүр, цахыг Итали Улсын музейн сан хөмрөгт хадгалуулахаар хүндэтгэлтэйгээр бэлэглэсэн юм.


-Танд баяр хүргэе. Анхдагчдын өлгий нутгийнхан ахиад л анхдагч болж таны урласан хөхүүр цах Итали Улсын музейн сан хөмрөгт хадгалагдахаар боллоо. Энэ мэдээг сонсоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?

иний гавьяа гэхээсээ илүү энэ Сайхан нутгийнх, энэ ард түмний ухааны үнэлгээ юм даа. Монголын уламжлалт ахуй, нүүдлийн соёлыг илэрхийлсэн бүтээл маань дэлхийн нэр хүндтэй музейн сан хөмрөгт хадгалагдана гэдэг урлаач хүний хувьд хамгийн том бахархал юм. Энэ бол зөвхөн миний бус, Булган нутгийн, цаашлаад Монголын уламжлалт урлалын амжилт гэж бодож билэгшээж их баяртай байхаас гадна үр хойч минь хэзээ нэг өдөр өвөөгийнхөө бүтээлийг очиж үзээд бахархал бүтээл үлдээж байгаадаа баяртай байна.

 

-Хөхүүр цах гэдэг эд өлгийн зүйл Монголчуудын хувьд ямар утга учиртай вэ?

 -Хөхүүр бол зөвхөн айраг исгэх сав биш. Энэ нь монгол хүний ахуй, байгальтайгаа зохицон амьдарч ирсэн ухаан, тэсвэр тэвчээр, уламжлалт соёлын бэлгэдэл юм. Айраг бол эв нэгдэл, зочломтгой зангийн илэрхийлэл бол хөхүүр нь түүний амин сүнс гэж хэлж болно.

 

-Итали Улсын музейд хадгалуулахаар бэлэглэсэн хөхүүр цахын онцлог юу вэ?


 -Өнөөдрийн хүртэл бидэнд өвлөгдөж ирсэн, өвөг дээдсийн хийж ирсэн аргаар өөрийнхөө хийдэг технологиор хийсэн. Илүү ч юм байхгүй, дутуу ч юмгүй ур сэтгэл хоёроо шингээж хийсэн. Хөхүүрийг уламжлалт аргаар, гар ажиллагаа давамгайлан урласан. Арьс эдлэх, элдэх, эсгэх, уламжлалт оёдол хийх гээд монгол уламжлалт технологи, арга барилаар бүтээсэн. Хийц эсгүүр бүр нь нүүдлийн соёл, малчин ахуйн утга бэлгэдлийг агуулсан. Эд юмс олон юм ярьдаггүй ч үнэн түүхийг л хадгалдаг.

 

-Таны уран бүтээлийг төрийн айлчлалын үеэр сонгон бэлэглэсэн нь онцгой тохиолдол байлаа. Үүнийг та хэрхэн хүлээж авав?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд миний бүтээлийг сонгосон нь уламжлалт ардын урлалыг төрөөс бодлогоор дэмжиж, дэлхийд сурталчилж буйн тод жишээ боллоо гэж ихэд баяртай байна. Энэ нь энгийн ардын өвийг тээгч бидэнд итгэл өгч, улам хичээн уламжлалаа хадгалах, хойч үедээ өвлүүлэх урам зориг болж байна.

 

-Та “Айраг фестиваль-2025”-ийн “Шилдэг хөхүүр” төрөлд тэргүүлсэн. Энэ наадам таны уран бүтээлд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Энэхүү фестиваль бол уламжлалт соёлыг сэргээх, түгээн дэлгэрүүлэхэд чухал үйл ажиллагаа болдог. Ийм наадам, уралдаан урлаачдыг хөгжих, харилцан туршлага солилцох, бүтээлээ олон нийтэд таниулах боломж олгодог. Энэ ташрамд, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгт талархаж явдгаа илэрхийлье.

 

-Залуу үед уламжлалт ардын урлалыг өвлүүлэх талаар таны бодол?

-Уламжлалт урлал бол амьд өв. Үүнийг залуу үед сургах, сонирхол төрүүлэх нь маш чухал. Би өөрийн мэддэг, сурсан бүхнээ залууст зааж, уламжлалаа таслахгүй байхыг хичээдэг. Монгол урлал дэлхийд үнэлэгдэж байгааг хараад залуус илүү урам авч байна гэж боддог.

 

-Цаашдын уран бүтээлийн зорилгоосоо хуваалцвал?

 -Ихийг мөрөөдөхгүй. Хийж ирсэн юмаа л зөв хийе гэж боддог. Хөхүүр, айрагтай холбоотой юмыг мартагнахгүй байлгах юмсан. Модон эдлэл, бурхан шүтээний зүйл, хөхүүр цах, бурхны гүнгэрвээ, авдар сав, тооно хаалга, сандал ширээ гээд модон урлал, зураг хөрөг, сийлбэр урлал, уран дарх ахуйн хэрэглээ гээд ард түмэн хэрэгтэй юмаа хийлгэхээр ирэхэд сэтгэл дүүрдэг.

 

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж хэлэх үг?


-Би хөдөө орон нутагтаа ажиллаж, амьдарч байна. Манай нутгийн адуу, айраг бол байгаль, уур амьсгал, малчдын арга ухааны онцлог. Тэр онцлог нь миний урладаг хөхүүрт шингэж, айраг исэх явц, амт чанарт хүртэл мэдрэгддэг гэж боддог. Монголын уламжлалт соёл, ардын урлал бол бидний бахархал. Үүнийг хайрлаж, дэмжиж, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг гэж бодож байна.











Связанные новости