Хятадад хувийн чатаар “ёс бус” агуулгатай мессеж бичихийг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-12-25 17:07:29

БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /Kazinform/. БНХАУ-ын “Нийгмийн хэв журмыг зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, ёс бус мэдээлэл түгээсний төлөө ногдуулах арга хэмжээг үлэмж чангаруулж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. 


Шинэчилсэн зохицуулалтын дагуу, цахим орчин дахь “хууль эрх зүйн хоосон орон зай”-г арилгасан байна. Ирэх оноос эхлэн мессенжер, нийгмийн сүлжээ болон хувийн чат зэрэг аливаа харилцааны сувгаар эротик агуулгатай контент дамжуулсан тохиолдолд захиргааны хариуцлага хүлээнэ.


Хуулийн 80 дугаар зүйлийн шинэчилсэн найруулгад зааснаар мэдээллийн сүлжээ болон утасны холбоогоор ёс бус агуулгатай материал (ном, гэрэл зураг, дүрс бичлэг, дуу бичлэг) бэлтгэх, тээвэрлэх, худалдах, түрээслэх эсвэл түгээсэн тохиолдолд дараах шийтгэлүүдийг оногдуулна. Үүнд:

  • 10-15 хоногийн хугацаатай баривчилж, 5 000 хүртэл юанийн (700 орчим ам.доллар) торгууль оногдуулах;
  • Жижиг зөрчилд 5 хоног хүртэл баривчлах, эсхүл 1 000-3 000 юанийн (140-420 ам.доллар) торгууль ногдуулах;
  • Хэрэв уг агуулга нь насанд хүрээгүй хүүхдүүдийг хамарсан бол хамгийн хүнд шийтгэлийг ногдуулна.

Шинэ журамд олон нийтийн бүлгүүдийн зохицуулалтад онцгойлон анхаарчээ. Хятадын шүүхийн байгууллагуудын тодруулснаар, захиргааны ажилтнуудын эс үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байж болзошгүй. Садар самууныг сурталчилсан материал тараадаг 30 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулж, удирдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.


Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө БНХАУ-д ийм төрлийн контентыг хувийн зорилгоор илгээх нь ихэвчлэн зөвхөн ёс зүйн зөрчил гэж тооцдог байв. Харин шинэчилсэн хуулийн дагуу, контентыг дамжуулах хэлбэр нийтэд нээлттэй бүлэг эсвэл хувийн чат болон ашиг олох зорилготой эсэхээс үл хамааран хуулийн хариуцлагад татахыг тодорхой зааж өгчээ.




Связанные новости