“Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-ийг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-26 10:24:06

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд "Толгойт" дэд төвийг түшиглэн НЗДТГ-аас Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр “Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-ийг байгууллаа.


“Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д өнөөдрийн байдлаар 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч түрээсийн төлбөргүйгээр ажиллаж, бизнес инкубатор сургалтын төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.


Хотын дарга Х.Нямбаатар ярихдаа, “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран нийслэлд зургаан дэд төв байгуулах ажлыг эхлүүлээд 10 гаруй жил болж байна. Энэ хүрээнд “Баянхошуу” дэд төвийн бүтээн байгуулалт өрнөж, 110 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Үргэлжлэн 5000 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Сэлбэ хотын орон сууцны бүтээн байгуулалт эхэлсэн. “Дамбадаржаа” дэд төвийн газар чөлөөлөлт 2026 онд явагдана. “Дэнжийн мянга” дэд төвийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Засгийн газрын “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах томоохон төсөл бол “Толгойт” дэд төв. Энэ төв нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих төвүүдтэй иж бүрэн цогцолбор хороолол байх юм. Энэ хүрээнд уламжлалт гар урлал, өрхийн үйлдвэрлэл эрхлэх иргэдийг дэмжсэн инкубатор төв үйл ажиллагаа явуулж эхэллээ. “20 минутын хот”-д соёл, боловсрол, өрхийн орлогыг дэмжих төвүүд цогцолбор байдлаар төлөвлөсөн” хэмээн онцоллоо.


Харин “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн дарга Д.Ундармаа “Нийслэлийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих хүрээнд уламжлалт гар урлалын төвийг байгууллаа. Энэхүү төвийн онцлог нь ЖДҮ эрхлэгчдэд үнэ төлбөргүй ажлын байр олгож байна. Мөн ажлын байр нь тоног төхөөрөмжтэй. ЖДҮ эрхлэх хүсэлтэй иргэд ажлын байргүй, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй зэргээс шалтгаалж үйлдвэрлэл зогсдог. Энэ асуудлыг шийдэж өгсөн” гэлээ.


Уг төвд өрхийн бизнес эрхлэх, нэмэлт орлоготой болох хүсэлтэй 18-аас дээш насны иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт, судалгаа зохион байгуулна. Мөн төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд ойрхон, хүртээмжтэй хүргэх аж. Түүнчлэн сэтгэл зүйн болон хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө, иргэдийг чадавхжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээс гадна нийгмийн бүхий л зорилтот бүлэгт чиглэсэн цогц үйлчилгээг хүргэх юм байна. 









Связанные новости