Багануур дүүргийн 193 дугаар цэцэрлэгт сувиллын анги нээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛБСШУ-ы сайд Л.Гантөмөр Багануур дүүргийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа болон яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцлаа.
Дүүргийн 193 дугаар цэцэрлэгийн тухайд цэцэрлэгийн барилгаа 368 сая төгрөгөөр шинэчлэн засварласан бөгөөд орчны тохижилт, хичээлд хэрэглэгдэх материал гээд бүгд шинэчлэгдсэн байлаа. Тус цэцэрлэг нь анх удаа жирийн цэцэрлэгт сувиллын 2 ангийг нээн ажиллуулж буйгаараа онцлогтой.
Уг сувиллын ангид эмийн бус эмчилгээгээр эмчлэх боломжтой, жингийн болон хоол тэжээлийн дутагдал, тархины даралт зэрэг өвчтэй хүүхдүүд хамардаг байна. Одоогийн байдлаар бага дунд ангид нийт 50 хүүхэд хүмүүжиж байгааг цэцэрлэгийн эрхлэгч хэлж байлаа. Тэдгээр хүүхдүүдэд уураг, амин дэмээр баялаг эмчилгээний зориулалттай хоол өгч, өдөрт өөрсдөд нь тохирсон эмчилгээг ангийн багш сувилагч нарын тусламжтай хийдэг аж. Тухайлбал хүүхдүүдийг хар цай, ургамлын ханд, ясны шөлөнд оруулахаас эхлүүлээд эмчилгээний массаж зэрэг эмчилгээ хийдэг байна. Энэ ангийг хоёр жилийн өмнөөс нээсэн бөгөөд энэ хугацаанд үр дүнгээ өгсөн гэдгийг цэцэрлэгийн багш нар онцолж байсан юм.