Ц.Мөнх-Оргил: Дундаж давхаргынхны тоог нэмэгдүүлснээр бүхнийг өөрчлөх боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-06-06 15:44:31
ТОКИО. /Nikkei/. Азид дэлгэрч байгаа олон чухал хандлагын дотроос хамгийн чухал нь дундаж давхаргынхны хүрээг тэлэх явдал юм гэж Монголын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэллээ.

Дэлхий даяар дундаж давхаргынхны тоо 2009 онд 1.8 тэрбум байсан бол 2030 он гэхэд энэ тоо 4.9 тэрбумд хүрнэ гэсэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ тооцооллыг сайд Ц.Мөнх-Оргил иш татаад “энэ бол гайхмаар үзүүлэлт. Энэ өөрчлөлт улс төрд болон даяаршилд ихээхэн нөлөөлнө. Азийн ард түмний ирэх 20-30 жилийн аж амьдралд энэ өөрчлөлт бүхий л талаараа эерэг нөлөө үзүүлнэ” гэж зургадугаар сарын 5-6-нд Токио хотноо Японы хэвлэл мэдээллийн томоохон байгууллага болох “Nikkei”-гийн зохион байгуулсан Азийн ирээдүйн талаарх олон улсын 23 дугаар бага хурлын үеэр хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “ирээдүйд хүмүүсийг хямд үнээр ажиллуулах, ашигт малтмалаа ухахыг урьтал болгохгүй. Ирээдүйд харилцаа холбоо ба техникийн шинэчлэлд анхаарлаа илүү хандуулах  болно” гэжээ.

“Протекционизмын бодлого буюу гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх бодлого газар авч байна гэсэн яриа тархах болсон боловч Азийн улс орнууд цаашид хамтын ажиллагаа болон харилцаагаа улам илүү бэхжүүлэх болно. Даяаршил зогсоно эсвэл даяаршлын хурд саарна гэж би бодохгүй байна. Даяарших үйл явц зогсолтгүй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэж өдгөө 52 настай сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын улс төр, нийгэм ба эдийн засгийн салбарт гарсан өөрчлөлтүүдийн давалгааг тэрбээр тодорхойлон  ярихдаа “1990-ээд оны үеийг дурсан саная. 1990 онд манай улс тайван замаар ардчилсан хувьсгал хийсэн. Тухайн үед манай улсад хувийн хэвшил гэж бараг байхгүй байлаа. Харин өнөөдөр манай улсын ДНБ-ий 80 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байна” гэлээ.

1990 онд Монгол Улс ердөө 27 улс оронтой худалдаа хийж байсан бол өнөөдөр 155 улстай худалдаа хийж байна.

“Монгол Улс өөрчлөгдөж байна эсвэл аль хэдийн маш их өөрчлөгдсөн гэж хэлэхэд учир дутагдалтай. Юутай ч манай улс өөрчлөгдсөөр байна” гэж сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн байна.

Ц.Мөнх-Оргил нь өнгөрсөн оноос Монголын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа юм. Мосвагийн Олон улсын харилцааны дээд сургууль болон Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг төгссөн тэрбээр 2004-2006 онд Гадаад харилцааны сайдаар, 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан юм.

Тэрбээр хэлэхдээ “өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд Монгол Улс өөрчлөлт шинэчлэл хийсэн хэдий ч өнөө хэр нь тулгамдсан асуудлууд олон байна. Юуны түрүүнд бид эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй байна. Одоогоор, экспортын нийт бүтээгдэхүүний 90 хувийг ашигт малтмал бүрдүүлж байгаа юм. Нийт худалдааны 60 хувь нь Хятадад ногдож байна. Тиймээс эдийн засгийн салбарт эрс шинэчлэл хийх шаардлагатай болсон” гэлээ.

Монголын эдийн засагт шинэчлэл хийх зорилго бүхий  5.5 тэрбум долларын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” –ийн хүрээнд ОУВС-гийн зүгээс ирэх гурван жилийн хугацаанд Монголд 434 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохыг зөвшөөрсөн шийдвэрийг тус сангийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн сард гаргасан билээ. Монголын эдийн засгийн байдлыг тогтворжуулахад туслах зорилгоор ОУВС-гаас гадна Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон БНСУ зэрэг хандивлагч орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагууд нийтдээ  5.5 тэрбум долларын санхүүжилт олгох юм.

Байгалийн баялаг ихтэй Монгол Улс нь сүүлийн 15 жилийн хугацаанд ашигт малтмалын экспортоос ихээхэн орлого олсон билээ. Харин дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт эрс татарснаас гадна экспортын гол гол бүтээгдэхүүнүүдийн эрэлт буурсан нь тус улсын эдийн засагт хүнд цохилт болсон.

Засгийн газар одоо эдийн засгийн шинэчлэл хийж, төсвийн алдагдлыг бууруулахаар ажиллаж байна гэж сайд Ц.Мөнх-Оргил хэллээ.

Монгол Улс бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээрүүдэд оролцох сонирхолтой байгааг тэрбээр мөн илэрхийлсэн юм.

/http://asia.nikkei.com/Spotlight/The-Future-of-Asia-2017/Middle-class-surge-will-change-everything-Mongolian-minister-says/

Г.Доржханд


 
Связанные новости