The Diplomat: Монголын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-06-07 18:01:21
ТОКИО. /The Diplomat/. Зургадугаар сарын 26-нд болох Монголын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил мягмар гарагт эхэллээ. Энэ сонгуульд хурдан морь сонирхогч, жүдоч болон фэнг-шүйчин /хүн хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхийтэйгээ таарамжтай нийлэмжтэйгээр зохицон амьдрах эртний хар ухаан, арга техникийг судлаач/ гэсэн гурван өөр хэв маягийн хүн өрсөлдөж байна.

Монголын эдийн засагт шинэчлэл хийх зорилгоор ОУВС тэргүүтэй олон улсын зээлдүүлэгчдээс өгөхөөр болсон 5.5 тэрбум долларын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг энэ сонгуульд ялсан хүн хариуцах болно.

Сонгуульд ялагч нь ашигт малтмалын үнийн уналт ба өсөлтийн мөчлөгийг анх удаагаа мэдрээд буй улсынхаа эдийн засгийн байдалд хяналт тавих юм.

Мөн  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газартай хамтран Монгол руу хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татахыг эрмэлзэхийн сацуу одоо хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавина.

Үүнээс гадна шинэ Ерөнхийлөгч нь монголчуудад баялгийн хувийг тэгш хүртээж, тоо томшгүй олон хүлээлт ба зорилт, тухайлбал НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх хэрэгтэй болно.

Эрх баригч МАН-аас М.Энхболд, сөрөг хүчний АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарыг сонгуульд нэр дэвшихийг тавдугаар сарын 17-нд Монгол Улсын СЕХ  батламжилсан билээ. Одоогоор Монголын улс төрд давуу эрхтэй байгаа МАН-аас нэр дэвшигч М.Энхболд энэ сонгуульд ялах магадлал өндөр байна. Түүний нам нь өнгөрсөн онд болсон парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.

Гэхдээ Х.Баттулга, С.Ганбаатар нарыг басаж болохгүй. Нэр дэвшигчдийн хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөж магадлалтай байгаа бөгөөд дахин сонгууль хийхэд ч хүрч магадгүй юм.

Түүхий эдийн үнийн өсөлтөд эдийн засгийн хувь заяаг даатгаад байгаа энэ үед М.Энхболд ерөнхийлөгчөөр сонгогдвол тогтвортой байдлыг чухалчлах бодлого баримтлах төлөвтэй байгаа бол нөгөө хоёр нь илүү хувирамтгай бодлого хэрэгжүүлж магадгүй.

ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн асуудлаар яриа хэлэлцээ хийхэд М.Энхболд хөшигний ард байсан юм. Тиймээс дотоод бодлогуудыг өөрчлөх зэрэг асуудал багтсан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг тэрбээр дэмжих нь ойлгомжтой. МАН-ын тогтвортой байдлын талаарх үзэл баримтлал нь уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгуулах юм.

Гэхдээ тус нам эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгохын тулд бодлогын бодитой өөрчлөлт хийнэ гэхээсээ илүүтэйгээр өмнөх Ардчилсан намын Засгийн газрын адил “хий хоосон гоё юм” ярьж  байна. АН-ын Засгийн газрын үед хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, тус улсаас нүүрээ буруулсан билээ.

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга М.Энхболдыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэнд гайхах юм байхгүй.  Тэрбээр нам нь өнгөрсөн зун парламентын сонгуульд АН-ыг ялсны дараа дахин ерөнхий сайд болох боломжтой байсан боловч өөрөө татгалзсан билээ. Харин оронд нь тэрбээр Монголын хууль тогтоох байгууллага буюу УИХ-ын дарга болсон юм.

М.Энхболд ямар бодлого баримтлахыг таамаглах нь монголчуудын хувьд амаргүй. Тэрбээр гол төлөв “арын өрөө”-нөөс намаа удирддаг юм. Сүүлийн үед түүнийг МАНАН-тай холбох болжээ. МАНАН гэдэг нь МАН ба АН-ын нийлбэр юм. Тус хоёр нам Монголын улс төрд ноёрхох болсноор анх гарч ирсэн энэ нэр томъёог М.Энхболд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зарим асуудлаар тохиролцон гэрээ хэлэлцээр байгуулсан гэх цуурхалтай холбоотойгоор сүүлийн үед ихэд ашиглах болсон юм. Тэдний тохиролцоо нь “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувьцааг өнгөрсөн зун гэнэт хувьчлан авсантай холбоотой байж магадгүй юм.

М.Энхболдод бусдыг татах хүч дутмаг байгаа бол түүний өрсөлдөгчид нэлээд “өнгөлөг” байна.

Бизнес эрхлэгч Х.Баттулгыг “Загалмайлсан эцэг” кинон дээр гардаг “Женко” гэдэг нэрээр хочлох болоод удаж байна. Х.Баттулга их сургууль төгсөөгүй бөгөөд жүдо бөхийн тамирчин байж байгаад дараа нь бизнесийн салбарт хөл тавьсан  билээ.

Тэрбээр олон  сонирхолтой төсөл, тэдгээрийн дотор Улаанбаатараас холгүй орших газарт Чингис хааны морьт цогцолбор барих төслийг амжилттай  хэрэгжүүлсэн юм.

Х.Баттулгын санаачлан бүтээн байгуулсан энэхүү морьт цогцолборыг үзэж сонирхох жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй байгаа хэдий ч түүний улс төрд оруулсан хувь нэмэр тийм ч их биш.

2016 оны дөрөвдүгээр сард түүний олон туслах нь баривчлагдсанаар Монголын улс төрийн ертөнцөд түүний нэр хүнд унаж, авлига авсан гэх дуулиан шуугиан тархсан билээ.

Ц.Элбэгдоржтой тэмцэлдсэний улмаас Х.Баттулгын фракцынхан баривчлагдлаа, түүний туслахуудыг баривчлахыг МАНАН үүрэг болгосон гэж үзэх хүмүүс байсан юм.

Х.Баттулга өнгөрсөн онд болсон парламентын сонгуульд ялагдсан билээ. Хэрвээ тэрбээр энэ удаагийн том сонгуульд ялагдвал дотроо эв түнжингүй байгаа АН-ынхан илүү хагаралдаж болзошгүй.

МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэнд хүмүүс их гайхсан. “Rio Tinto” группын охин компани болох “Turquoise Hill Resources” компанитай Монголын Засгийн газрын байгуулсан зэс-алтны “Оюутолгой” ордын төслийн хэлэлцээрийг 2012-2016 онд  парламентад бие даагч гишүүн байсан Ганбаатар эрс шүүмжилснээр ард түмний дунд нэр хүндтэй болсон билээ. Гэхдээ их сургуулийн диплом худалдаж авсан гэх мэдээлэл тархснаар “Фэнг-Шүй” хочит түүний нэр хүнд унасан юм. Тэрбээр “Фэнг-Шүй”-гийн бизнес эрхэлдэг байсан учир ийм хочтой болжээ.

Хачирхалтай нь, тэрбээр парламентын сонгуульд өөр намаас нэр дэвшиж байсан бол одоо ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байна.

Уул уурхайн бодлогуудыг, өөрөөр хэлбэл “баялгийн үндсэрхэг үзэл”-ийг тэрбээр сонгуулийн кампанит ажлын гол сэдэв болгож магадгүй.

С.Ганбаатар болон Х.Баттулга нар зургадугаар 6-нд эхэлсэн 18 хоногийн кампанит ажлыг нэлээд сонирхолтой болгох төлөвтэй байна.

Монголчуудын зарим нь “сонгочихоор хүн нэр дэвшсэнгүй” гэж бухимдаж байна. Хэрвээ М.Энхболд энэ сонгуульд 50-аас дээш хувийн санал авч чадахгүй бол хоёр дахь шатны сонгууль болно. Сонгогчид энэ гурвын хэнд нь ч санал өгөхгүйн тулд сонгуульд оролцохоос татгалзаж магадгүй юм гэж Канадын Ванкувер хотод төвтэй Британийн Колумбийн их сургуулийн Азийн судлалын хүрээлэнгийн дэд профессор Жулиан Диркс бичжээ.

/http://thediplomat.com/2017/06/the-race-for-mongolias-presidency-begins//
 
Г.Доржханд

 
Связанные новости