Намар мод тарих нь хавар суулгасан тарьцаас илүү ургадаг гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-10-10 14:11:11
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Мод тариад орхих биш тарьсан модоо ургуулах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл “Тарьц суулгац-2017” үзэсгэлэнд оролцогсод стандартын дагуу мод тарих нь чухал хэмээн зөвлөж байна.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд “Тарьц суулгац-2017” үзэсгэлэнг нээлээ.

Эл арга хэмжээг БОАЖЯ-наас санаачлан Ойн судалгаа, хөгжлийн төв, нийслэлийн Байгаль орчны газар, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн үеэр 40 орчим байгуулага, аж ахуйн нэгж  мод тарих газар сонгох, хөрс бэлтгэх, арчлах талаар зөвлөгөө өгч буй юм. Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэнийн тарьц, суулгац, үр зэргээс гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж эхлэв.

Манай улс  жил бүрийн  тав болон 10 дугаар сарын 14-нд бүх нийтээр мод тарих өдөртэй болсноор 16 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Анх 2011 онд 7689 байгууллага, 220 мянган иргэн нэг сая 754 мянган ширхэг мод тарьж байжээ. Харин өнгөрсөн жил 3755 байгууллага, 92 911 иргэн 770 507 ширхэг мод тарьсан статистик мэдээ байна. 

“Ойн тухай хуулинд 16 насны иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд заавал мод тарихаар тусгасан. Жилээс жилд иргэдийн мод тарих хэрэгцээ нэмэгдсээр байгаа. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнгийн зорилго стандартын дагуу мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаж мод тарих нь чухал гэдэгт төвлөрч байна. Мэргэжлийн хүмүүсийн судалгаагаар намар мод тарих нь хавраас илүү өгөөжтэй гэдэг нь нотлогдсон. Улсын хэмжээнд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, тарьцын 20 гаруй стандарт хэрэгждэг бөгөөд үүнийг таниулахад салбарын яамнаас анхаарч байна. Бүх нийтээр мод тарих өдөртэй болсноор иргэдэд мод тарих ёстой гэсэн ухамсар суусан. Энэ хэрээрээ тухайн орон нутгийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд санаачилгаараа мод тарьдаг болсон. Түүнчлэн иргэд мод тарихдаа гоёл чимэглэлд анхаардаг болсон. Нөгөөтэйгүүр иргэд уулнаас авчирсан суулгац бус мэргэжлийн хүмүүсийн тарьсан тарьц худалдан авах нь чухал” хэмээн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэн ярилаа.

Үзэсгэлэнд оролцож буй мэргэжилтнүүд иргэдэд стандартын тарьц суулгац худалдан авахыг зөвлөж байв. Стандартын шаардлага хангасан үзүүлэлтийн хувьд үндэсний систем нь хэр хөгжилтэй  вэ, гарал үүслийн хувьд мод үржүүлгийнх гэдгийг сайтар нягтлахыг сануулав. Түүнчлэн модыг намар тариад сайн услаад орхичихвол өвөл хөлдөөд тухайн хөрсөндөө дасч хавар ургаж эхэлдэг. Тиймээс намар мод тарих нь ашигтай гэдгийг мэргэжилтнүүд тодотгов. 

Үзэсгэлэнд нохойн хошууны үрсэлгээ 4000-4500, шар хуайс 1500, хайлаас 700, улиас, голт бор  2000, чацаргана 3500, гүйлс 5000, шинэс 10-15 мянга, зүлэгний үр 25 мянган төгрөгийн өртөгтэй байна. 

Энэ сарын 14-нд Ойн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийн хүрээнд 2017 оны намрын бүх нийтээр мод тарих өдөр тохионо.
Б.Заяа
Связанные новости