Шведийн Гадаад хэргийн сайд Монгол Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-нд Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд хатагтай Маргот Валстрём Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны байнгын механизмыг бэхжүүлэх асуудлыг хөндөж ярив. Шведийн Цог жавхлант Хаан болон Парламентын дарга нар Монгол Улсад албан ёсоор айлчлах урилгатайг дахин нотолж, ГХЯ-д хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад монголын тал бэлэн байгааг Элчин сайд онцлон тэмдэглэв.
Шведийн Гадаад хэргийн сайд хатагтай М.Валстрём Элчин сайдын хөндсөн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа нотлоод Элчин сайдад ажлын амжилт хүсэв.