"Ахлагчийн жил"- алба хаагчид орон сууц, газартай болсоор байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБатлан хамгаалахын сайд Ц.Цолмон батлан хамгаалах салбарын хэмжээнд 2015 оныг "Ахлагчийн жил" болгон зарласан. Энэ нь мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний голлох хувийг эзэлдэг ахлагч нарын хөдөлмөрийг үнэлэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн чадавхи, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх бодлогын зорилготой юм.
ЗХЖШ-аас “Ахлагч хотхон” төслийг хэрэгжүүлж, БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхний ээлжийн 4 айлын орон сууцны барилгын ажил эхэлж, гүйцэтгэл 80 хувьтай байна. Завхан аймгийн Улиастай хотод байрлах Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн офицер, ахлагч нарын албан тушаалын 24 айлын орон сууцыг канад технологи ашиглан барьж ашиглалтад оруулсан бол 339, 340 дүгээр ангиуд офицер, ахлагч нарын 40 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулав. Харин ахлагчийн алба хаагчдыг чадваржуулах ажлын хүрээнд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн Номхон далайн командлалын сургагч нартай хамтран буудагч, гардан тулааны ахисан түвшний сургалт зохион байгууллаа. Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн ахлагч нар өөрсдийн санаачлагаар “Ахлагч цэцэрлэгт хүрээлэн”-г, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлагч нар “Соёл мэдээллийн төв”-ийг санаачлан ашиглалтад оруулжээ. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн удирдлагаас ахлагч нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч Дорнод их сургуультай хамтран баклаврын эчнээ сургалтад 15 ахлагчийг суралцуулж байгаа бол Зэвсэгт хүчний 353 дугаар анги нь Налайх дүүргийн ЗДТГ-тай хамтран 80 ахлагчид газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулжээ. Энэчлэн ахлагч нар бүтээлч ажил, сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож байна гэж БХЯ-аас мэдээлэв.
Ж.Батсайхан