“Койка” байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү Ён-ийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өчигдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар шинээр томилогдсон суурин төлөөлөгч хатагтай Пак Сү Ён-тэй танилцаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд УИХ-ын Тамгын газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай олон жилийн хамтын ажиллагаатай ирсэн талаар дурдаж, “Цахим парламент” төслийг тус байгууллагаас амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн дэлхий даяар цахим парламент хөгжүүлэх талаар ид яригдаж байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улсын Их Хурлын “Цахим парламент” энэ чиг хандлагаас хоцрохгүйг чармайж, мэдээлэл технологийн ололтыг нэвтрүүлэн ажиллаж буйг онцлон тэмдэглэлээ.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Пак Сү Ён УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга тус төслийг хэрэгжүүлэхэд их дэмжлэг үзүүлж байсан талаар сонссон хэмээгээд ноён Б.Болдбаатарыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрээр Олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагаас хэрэгжүүлсэн төслүүд дундаас УИХ-ын Тамгын газарт хэрэгжсэн “Цахим парламент” төсөл нь их өндөр үнэлгээ авсан гэлээ. Мөн түүнчлэн талууд цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх талаар өөрсдийн саналаа хэлж, сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцсон юм.
Уулзалтын дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын суурин төлөөлөгч хатагтай Пак Сү Ён тэргүүтэй төлөөлөгчдийг “Цахим парламент” төслийн хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болоод Байнгын хороодын хуралдааны танхимд суурилуулсан санал хураалтын систем болон дүрс бичлэгийн камер, мөн парламентын сэтгүүлчдийн өрөөг танилцуулсан юмгэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.