Шинэ Дели хотноо ”Монгол: Хөх тэнгэрийн орон” номын танилцуулга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан БНЭУ-д суугаа ЭСЯ энэ сарын 24-нд Шинэ Дели хотноо ”Монгол: Хөх тэнгэрийн орон” ном хэвлүүлснээ танилцуулав.
Энэтхэгийн төр, Засгийн засгийн газрын болон ажил хэргийн холбоотой Монголын анд, нөхөд, Шинэ Дели дахь Дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд оролцсон энэхүү арга хэмжээг Элчин сайд Г.Ганболд нээж үг хэлэв. Тэрбээр Монгол, Энэтхэг улс эртний түүхтэй, ард түмэн маань арвин соёлтой билээ. Түүх, соёл, оюун санааны бат хэлхээ, элэгсэг дотно харилцаа тэднийг холбож байдгийг тэмдэглэв.
Манай хоёр улс ардчилал, чөлөөт эдийн засгийн харилцааг сонгосон төдийгүй, улс төрийн тусгаар тогтнолоо эдийн засгийн бие даасан байдлаар бататган бэхжүүлэхийг зорьдог. Уламжлалт дотно хэлхээ холбоонд суурилсан энэхүү найрсаг харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв.
“Монгол: Хөх тэнгэрийн орон” номонд Элчин сайдын мэндчилгээ, нийтлэл, энэтхэгийн монголч эрдэмтдийн сонирхолтой ярилцлага, Монгол-Энэтхэгийн найрсаг харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, аж үйлдвэрийн хөгжлийн тухай баримт мэдээлэл, монгол угсаатны ёс заншил, зан үйл, ахуй амьдрал, онгон байгаль, дурсгалт газруудыг харуулсан гэрэл зураг, англи хэлнээ хөрвүүлэгдсэн монголын уран бүтээлчдийн шүлэг, яруу найргийн дээжис багтжээ.