"Smartcar.mn" нь онлайнаар татвар төлөх боломж бүрдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-12-11 16:17:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилт тавьсан. Энэ хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгожээ.

Ингэснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг  шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн системийг холбогдох  байгууллагуудад өнөөдөр  танилцуулав.
 
 "Smartcar.mn" нь онлайнаар татвар төлөх боломж бүрдүүлсэн анхны цахим систем юм. Уг систем  хэрэглээнд нэвтэрснээр  ухаалаг утасны аппликейшн болон вэб сайтаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, тээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын татвар, зам ашигласны төлбөр, торгуулийг орон зай үл хамааран онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж иргэдийн цаг завыг хэмнэх давуу талтай хэмээн  Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг онцлов. Уг төслийг  Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас санаачилжээ.
 
Уулзалтад оролцсон төлөөлөгчид "Smartcar.mn"цахим систем  үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх, татвар хураалтын ажлыг хөнгөвчилсөн сайн ажил болсон, цаашид авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээнүүдийг шат дараатай цахимжуулах  мөн татварыг цахим хэлбэрээр хураах боломжийг ажил хэрэг болгох нь чухал гэв. 

Дээрх уулзалтад  Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газар, Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын газрын удирдлага болон мэргэжилтнүүд оролцлоо.
Б.Заяа
 
Связанные новости