Татвар төлөгчдийн улсын тооллогод 1300 гаруй иргэн, аж ахуйн нэгжийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-18 23:53:08
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Татварын хэлтэс татвар төлөгчдийн улсын тооллогын хүрээнд 1310 иргэн, аж ахуйн нэгжийн ажлын байранд хүрч, татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийг сурталчлан зөвлөгөө өгч ажиллажээ.

Мөн НӨАТ-ын баримт олгож байгаа эсэх талаар хяналт тавьж, давхар өр барагдуулах ажлыг зохион байгуулсан байна.

Тус аймгийн хэмжээнд 706 аж ахуйн нэгж байгууллага, салбар, төсөвт байгууллагын 750 объект, 332 хувь хүний 342 объект, 7 зах худалдааны төвийн 272 түрээслэгч нарыг тооллогод хамруулжээ.

Татвар төлөгчийн тооллогын явцад 19 аж ахуйн нэгжийн 115.9 сая төгрөгийн үнэлгээтэй 1,8 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн татвар, 47 иргэний 495,8 сая төгрөгийн үнэлгээтэй 4,0 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн татвар, нийт 5.8 сая төгрөгийн татварыг мэдээллийн санд шинээр бүртгэжээ. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 1.1 сая, нэмэгдсэн өртгийн албан татвараар 5.7 сая, үл хөдлөх хөрөнгийн татвар 4.2 сая, иргэний орлогоор 1.3 сая төгрөгийг тус тус улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажилласан байна.

Тооллогын явцад тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх хөрөнгө нь хувь хүний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн үнээс доогуур үнэлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, данс бүртгэлийн үнээр зах зээлийн үнээс багаар татварын тооцоо хийдэг зэрэг зөрчлүүд илэрчээ.

Энэ удаагийн тооллого нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, нэг татвар төлөгч хэдэн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлсноороо онцлог аж. Тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэх юм байна.
Д.Одонтунгалаг
Связанные новости