Их хуур хөгжим монголын үзэгч сонсогчдын сонорыг 55 дахь жилдээ мялаан эгшиглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2018-01-26 17:21:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол улсын Хөгжим бүжгийн консерваторид манай улсад их хуур хөгжим үүсч хөгжсөний 55 жил, мэргэжлийн их хуурчид бэлтгэж эхэлсний 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Уг арга хэмжээнд зориулж эрдэм шинжилгээний бага хурал, их хуур хөгжимд зориулсан хөгжмийн бүтээл туурвих улсын анхдугаар уралдаан болон хүндэтгэлийн гала тоглолт болсон юм.
Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж их хуур хөгжмийг анх Монголд урлах санаачилгыг гаргаж улмаар 1961 онд СГЗ  Ч.Чуваамэд, хөгжим урлаач  н.Маалуу, н.Бадарч нар хамтран анхны их хуурыг  морин хуур хөгжмийн зэмcгийн хэлбэр дүрcийг  ашиглан хэмжээг томcгон бүтээсэн түүхтэй. 

Их хуурч, хөгжмийн зохиолч Д.Ариунболд,"Манай улсад мэргэжлийн их хуурч бэлтгэж эхлээд даруй 30 гаруй жил болсон ч уг хөгжимд зориулан бичсэн хөгжмийн дорвитой бүтээл төдийлөн их биш. Тиймээс хөгжмийн зохиолчдын дунд улсын анхдугаар уралдааныг зарлаж буй нь их хуур хөгжмийн урын санг баяжуулах, цаащид энэ талаар баримтлах төрийн бодлогод шинэчлэл авчрах чухал ач холбогдолтой" хэмээн онцлов.
БНМАУ-ын Соёлын яамны сайдын 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 233 дугаар тогтоолыг үндэслэн 1987-1988 оны хичээлийн жилээс эхлэн Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд анхны их хуурын ангийг контрбасс хөгжмөөр сурч буй оюутан сурагчдаар бүрдүүлэн нээж, анхны багшаар контрбасс хөгжмийн багш Л. Баасанхүү ажиллаж байсан талаар арга хэмжээний үеэр дурсан ярьж байв.
Мөн ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр 18:00 цагт их хуур хөгжимд зориулсан бүтээлийн улсын анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол болох бөгөөд Л.Мөрдорж гуайн "Баян сүргийн магтаал"-бүтээлийг  21 их хуурч тайзнаа эгшиглүүлэх ажээ. 
А.Мандирмаа
Связанные новости