Агаарын бохирдол ихтэй бүсэд орших цэцэрлэгүүдэд 2.5 тонн цагаан идээ гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-01-27 16:30:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр нээгдлээ.

Үзэсгэлэн худалдааны нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцсон юм. Тэрбээр “Томоохон баяр наадмын өмнө аймаг, орон нутгаас Улаанбаатар хоттой хамтран үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажил тогтмолжиж байна. Энэ нь орон нутгууд бие биенийхээ бизнесийг дэмжих, ямар нэгэн шат дамжлагагүйгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх сайн арга хэмжээ юм. Олон аймгаас үзэсгэлэн худалдаанд оролцох зэрэг янз бүрийн хүсэлт ирдэг. Тэдний дйилэнх нь брэнд бүтээгдэхүүнээ зарж борлуулах тогтмол үйл ажиллагаа явуулдаг газартай болох хүсэлтэй байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд аймаг, дүүргийн удирдлагуудыг хооронд нь холбож, газар байрных нь асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна. Бид бүхэн орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллах нь иргэдэд нэмэлт үнэгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн хүргэж буйгаараа маш их давуу талтай. Түүнчлэн дотооддоо төдийгүй гадаадад олон төрлийн экспо зохион байгуулах шаардлагатай. Энэ нь эдийн засгийг дэмжихээс гадна Улаанбаатар хотын хувьд Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болно гэсэн зорилтод нийцэж буй хэрэг юм” хэмээлээ.  

Үзэсгэлэн худалдааны үеэр НЗДТГ-ын зүгээс төвийн 6 дүүргийн агаарын бохирдол ихтэй бүсэд орших цэцэрлэгүүдийн хэрэгцээнд 2.5 тонн буюу 5 сая төгрөг бүхий цагаан идээг худалдан авч цэцэрлэгийн эрхлэгч нарт гардуулав. Үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд ирэх сарын 10-ныг хүртэл зохион байгуулах юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Архангай аймгийн 13 сумын 250 орчим малчин, цагаан идээ үйлдвэрлэгч оролцож байна. 

Связанные новости