Тэтгэврийн насыг бууруулж, татварын нэмэгдлийг буцаах хуулийн төслийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас тус хууль тогтоолын төслийг өчигдөр УИХ-д өргөн барьсан. Хэрэв эдгээр хууль тогтоолын төсөл батлагдвал иргэд тэтгэврээ 55-60 насандаа тогтоолгох бөгөөд Хүн амын орлогын албан татварын хэмжээ буурч өмнөх түвшиндээ очих юм.
Ч.Хүрэлбаатар сайд сарын 1.5 сая болон түүнээс дээш цалинтай иргэдэд хууль хэрхэн тусах вэ гэсэн асуултад "2016 оны эцсийн байдлаар сарын 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд нь нийт татвар төлөгчдийн 8 хувийг эзэлж байсан. Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны 3 дугаар улирлын тайлангаас харахад энэ хэмжээ 11.8 хувьтай байна. Үүнд уул уурхайн салбарын ажилчид, төмөр замчид багтдаг. Эдгээр ажилчдын гэр бүл ганц хүний цалингаар амьдардаг, олон хүүхэд тэжээдэг, ипотекийн зээл төлдөг бодит нөхцөл байдал ийм байна. Мөн аж ахуйн нэгжүүдийг татварын нэг шатлалтай болгосноор тайлангаа гаргахад хялбар болж, татварын системийг энгийн ойлгомжтой байх зарчимд нийцэж байгаа" хэмээн хариулав.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүд 100 хувь дэмжсэн тул чуулганы хуралдаанд оруулахаар тогтов.