Оффшор данстнуудыг ард түмэнд тайлбар хийхийг шаардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-01-31 14:48:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс оффшор данс эзэмшигч улс төрчдөд шаардах бичиг хүргүүлэх талаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв.

Монголын байгалийн баялгийг зарж  мөнгийг нь оффшор дансанд хийсэн нэр бүхий 49  иргэнийг 2 дугаар сарын 9-ний дотор Төрийн ордны Иргэний танхимд ард түмэндээ тайлбар хийхийг тус хөдөлгөөнөөс шаардлаа.

Оффшор данстай эрхмүүд нь улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн болон өмнө нь төрийн өндөр сэнтийд байсан эрхмүүд, бизнес эрхлэгчид тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд байгаа учир  хууль хяналтынхан шалгахыг завдал болгохгүй удаашруулж байна хэмээн "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-ийнхэн ярив.

Тэд оффшор бүсэд нэр нь холбогдсон хүмүүс уг дансаа олон нийтийн дунд дээрх  хугацаанд нээлттэй хэлэлцүүлэг хийж ил тодоор тайлбарлахыг шаардав. Хэрвээ заасан хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд  дараагийн шатны тэмцлийн хэлбэрийг сонгож, эхний ээлжинд улс орон даяар жагсаал, цуглаан зохион байгуулна гэдгээ илэрхийллээ.

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Улаанбаатар дахь зохицуулагч Б.Жагар хэлэхдээ: Бид хэсэг бүлэглэлүүдэд давуу эрх олгох гэж нэгдээгүй. МАН болон АН-аас зохион байгуулж буй жагсаал цуглаан  нь ард түмнийг бус өөрсдийн эрх ашгийн үүднээс хийдэг. Үүнийг иргэд хангалттай мэддэг болсон. Тиймээс нам биш Монгол хүн гэсэн нэрийн дор нэгдэж Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийг байгуулсан юм. Монголчуудаа эл хөдөлгөөнд  нэгдэж улсаа аврахын төлөө сэтгэл зүрхээрээ тэмцье хэмээн  уриалж байна” гэв.
О.Мөнхжаргал
Связанные новости