Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц хөтөлбөр хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-27 14:14:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэж байна.

2017 оны эцсийн байдлаар  Улаанбаатар хотод  310 гаруй мянган өрх  амьдарч байгаагаас  43 хувь нь орон сууцанд, 57 хувь гэр хороололд аж төрж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нийт хүн амын  60 хувь нь   инженерийн дэд  бүтцийн хангамжгүй бүсэд оршин сууж байна. Тиймээс гэр хорооллын иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах эрхийг хангах, орон сууцжуулах зорилгоор “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг боловсруулсан гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа.

Тэрбээр, “Нийслэлийн 24 байршилд хэрэгжиж байгаа  16 мянга 109 нэгж талбарын 75 хэсэгчилсэн талбайг хамруулсан гэр хороололын дахин төлөвлөлтийн төслөөр нийтдээ  70 мянга гаруй өрхийн орон сууц ашиглалтад орох ёстой. Одоогоор 5000 өрхийн орон сууц ашиглалтанд орсон байна.  Мөн Улаанбаатар хотын хэмжээнд  1965-2000 онд ашиглалтанд орсон  14 хорооллийн 1077 угсармал орон сууцны  барилгад 45 мянган өрх амьдарч байна.   Дээрх барилгуудын дулаан, техникийн  шинэчлэлийн ажил хийгдэхгүй удааширсанаас  10 жилийн дараа насжилт хэтэрсэн барилгын тоо  3.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна.  Үүний уршгаар   дулааны цахилгаан станцуудын ачааллыг нэмэгдүүлэн  барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм. Тиймээс бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх, түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй  нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр дэд хөтөлбөрт тусгасан” гэлээ.

Дэд хөтөлбөртэй холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлэг дүгнэлтээ танилцуулав. Тус бүлгийн зүгээс дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, ахмадын орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй зэргийг шүүмжлэв. Мөн уг хөтөлбөрийн хэлэлцүүлгийг хойшлуулж, мэргэжлийн байгууллага, гэр хорооллын иргэдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, дахин боловсруулах шаардлагатай хэмээн үзэж байгааг бүлгийн дарга Ц.Баатархүү дурдлаа. Мөн тэрбээр, “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д “НИТХ-ын дарга нь хурлын шийдвэрийн биелэлтийг  хянан шалгах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй” гэж заасан. Мөн 22.1.7-д “Хурлын дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн хурлын  хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бүрэн эрхтэй. Гэвч НИТХ-ын дарга үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас НИТХ-ын хуралдааны дэг алдагдаж, ирц бүрдэхгүйд хүрээд байна. Тиймээс НИТХ-ын даргыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг тавьж байна” гэв.
Хуралдаан үргэлжилж байна.

Ч.Ариунболд
Связанные новости