Францын "Аккор" групп нээлттэй 150 ажлын байр танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-01 12:17:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв (НХЭДТ), Францын "Аккор" группээс зочид буудлын чиглэлийн 40 мэргэжлийн нээлттэй 150 ажлын байрыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт танилцуулж байна.

Дэлхийн нийтэд 3700 гаруй салбарт Софител, Ибис зэрэг олон улсад нэр хүндтэй зочид буудлыг эгнээндээ нэгтгэсэн Францын "Аккор" групп энэ оны тавдугаар сараас Улаанбаатар хотноо "Новотел Улаанбаатар" зочид буудлыг нээхээр бэлтгэл ажлаа хангаж буй юм. Таван одтой, 16 давхар 192 өрөө бүхий энэхүү зочид буудалд ахлах болон туслах тогооч, харуул хамгаалалт, санхүү, маркетинг, нярав зэрэг 40 мэргэжлийн 150 ажилтан шаардлагатай аж. Тиймээс тус групп НХЭДТ-тэй хамтран энэ сарын 01-03-нд Нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулж буй юм.

Ажилд орох хүсэлтэй иргэдэд "Аккор" групп хэд хэдэн шаардлага тавьж буй юм. Тухайлбал, тухайн мэргэжлээр бакалавр зэрэгтэй, мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан, Англи хэлний аман болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй, харилцааны өндөр соёл, ёс зүйтэй байх шаардлага тавьж байна. Мөн манлайлах,  хурдтай, бүтээлч, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх чадвартай байх болон компютерийн хэрэглээний болон бусад шаардлагатай программ дээр ажиллах чадвартай байх шаардлагатай юм.

Ч.Ариунболд
Связанные новости