Нийгмийн даатгалын салбарт цахим үйлчилгээг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-14 18:34:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2018.03.14/ эхэллээ. Зөвлөгөөнд нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагын 80 удирдах ажилтан оролцож салбарынхаа бодлого, үйл ажиллагаа, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

2018 оныг Нийгмийн хамгааллын салбар “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласан. Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах, шуурхай болгох зорилгоор иргэдэд зориулсан гар утасны аппликэйшн, Qpay, ПОС үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн  ажил олгогчийн тэтгэмжийн тайланг цахимаар хүлээн авах, иргэд өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг цахимаар хянах,  дуудлагын төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх болон төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох ажлыг өргөжүүлэх аж.

Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбарын бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн байдал, шинэчлэлийн зорилтуудыг хэлэлцэхээс гадна үр дүнгийн гэрээг дүгнэх, 2018 оны үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулахаар төлөвлөсөн байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь 2017 онд нийгмийн даатгалын санд 1.5 их наяд төгрөгийн шимтгэлийн орлогыг бүрдүүлэн, төлөвлөгөөг 104.1 хувиар биелүүлж, давхардсан тоогоор 6.8 сая иргэнд 1.9 их наяд төгрөгийн 30 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ үзүүлэн зарлага санхүүжилтийг хугацаанд нь гүйцэтгэжээ. Мөн Нийгмийн даатгалын хамралт жил бүр өсч 2017 онд 43.3 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 843.8 мянган ажилтныг албан журмын даатгалд, 196.5 мянган иргэнийг сайн дурын даатгалд, гурван сая  иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулсан байна.
 
2017 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн, тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан,  тэтгэвэр авагч банкаа сонгох боломжтой болсон, тэтгэврийн хяналтын аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан, малчин даатгуулагч тава жилийн өмнө тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон зэрэг бодит үр дүн бүхий ажлуудыг хэрэгжүүлсэн юм.
Ч.Ариунболд
Связанные новости