Москвагийн аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын компаниуд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-03-15 10:07:51
Москва/МОНЦАМЭ/.Москва хотын “Экспоцентр” төвд болж буй Москвагийн Олон Улсын аялал жуулчлалын 25 дугаар үзэсгэлэнд манай улсын “Nomadic Journeys”, “Bat Tour” аяллын компаниуд оролцож байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг үзэсгэлэн дэлхийн аялал жуулчлалын салбарын томоохон үзэсгэлэнгийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 190 орны 2000 гаруй аялал жуулчлалын компани оролцож байгаа бөгөөд үзэсгэлэн нийт 43 мянган кв.метр талбайг хамарч буйг зохион байгуулагчид онцлов.  Үзэсгэлэн энэ сарын 13-15-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
   
Монголын онгон дагшин байгаль, нүүдэлчин өв соёл гадны жуулчдыг ихээр татдаг ч улсаас аяллын компаниудаа төдийлөн сайн дэмждэггүй болохыг “Bat Tour” компанийн менежер Н.Бат-Эрдэнэ хэлэв.

Тэрбээр “Манай орныг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгддэг. Жуулчдын тоог нэмэгдүүлэхэд олон улсын үзэсгэлэнд улсаа сурталчилж танилцуулах хэрэгтэй. Бусад улсын жишгээс харахад иймэрхүү томоохон үзэсгэлэнд улс нь аяллын компаниудаа дэмжиж оролцдог” гэв.

Москвагийн Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд анх удаа оролцож буй “Nomadic Journeys” компанийн борлуулалтын менежер Э.Нарангарав “Энэхүү үзэсгэлэн нь ОХУ-д төдийгүй дэлхийд томд тооцогддог аялал жуулчлалын үзэсгэлэн. Маш олон хүн, олон жуулчны компаниуд оролцдог учир улсаа сурталчлах, жуулчдыг татах боломж их. Үзэсгэлэнгээс харахад Оросууд манайд аялах сонирхолтой байгаа нь харагдаж байна. Тэр тусмаа Говийн аялал, загасчлал, морьтой аяллыг ихээр сонирхон асууж байна. Оросын аялал жуулчлалын компаниуд мөн хамтран ажиллах санал тавьж байна” хэмээн ярилаа.

Манай улсад хүрэлцэн ирсэн гадны жуулчид ихэвчлэн Улаанбаатар- Өмнөговь- Хархорин- Улаанбаатар чиглэлийн аяллыг сонгон аялдаг аж. Энэхүү аялал нь ойролцоогоор долоо хоног үргэлжилдэг бөгөөд замдаа Бага Газрын чулуу, Цагаан суварга, Ёлын ам, Хонгорын элс, Баян заг, Онги хийд, Хархорин хот, Элсэн тасархай, Хустайн нуруу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхох боломж олгодог ажээ. Ийм төрлийн аялал нэг хүний 1000-1200 орчим ам.доллар байдаг бөгөөд жуулчдын тооноос хамаарч үнэ хямдардаг болохыг аяллын компанийн төлөөлөгчид хэллээ.
  

Дашрамд дурдахад өнгөрсөн онд Монгол Улс 470 мянган гадны жуулчин хүлээн авсан бөгөөд тэдний дийлэнх нь БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, АНУ-ын жуулчид байсан аж.
Л.Нандиа


Связанные новости