Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарт хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-15 13:22:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв  болон Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүл хамтран Энхтайваны өргөн чөлөөний автозам дагуу хяналт шалгалт хийж байна.

Хамтарсан баг Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Шалгалт энэ оны зургаадугаар сарын 15 хүртэл 5 шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хооронд явагдах юм. Автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарын зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм.
Ч.Ариунболд
Связанные новости