“Улаанбаатар барилга-2018” үзэсгэлэн нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-15 18:51:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БХБЯ, “Мишээл Групп” хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар барилга-2018” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

“Мишээл Экспо” төвд 13 дахь жилдээ болж буй энэхүү үзэсгэлэн хоёр үе шаттай явагдах юм. Эхний үе шат буюу “Барилгын материал, шинэ техник технологи” үзэсгэлэн энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд дотоодын 100 орчим аж ахуйн нэгж оролцож, дэвшилтэт тоног төхөөрөмж, барилгын материалаа танилцуулах юм.

Харин хоёрдугаар үе шат энэ сарын 22-26-нд “Орон сууц хот тохижилт” сэдвийн дор болно. Энэ үеэр нийслэлд шинээр баригдаж буй орон сууцны үнэ ханш, загвар, хийцийн талаар танилцуулах юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр БХБ-ын сайд Х.Баделхан, “Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрт тусгагдсан салбарын томоохон зорилтууд хэрэгжиж, улсын төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэн гэр хороололын дахин төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж гээд олон ажлууд хийгдэх хөрөнгө, хууль эрх зүйн нөхцлүүд бүрдээд байна. 2018 он бол барилгын салбарт хямралаас гарсан бүтээн байгуулалтын жил болно. Монгол инженерүүд дэлхийн дэвшилтэт технологийг эзэмшиж, манай улсын барилгын салбар эрчимтэй хөгжиж байна. Энэ бүхнийг өнөөдрийн үзэсгэлэнгээс харах бүрэн боломжтой” хэмээв.
Ч.Ариунболд
Связанные новости