Олимпийн гудамж дахь авто замыг 1.6 жилээр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-03-17 15:56:49
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгохын төлөө хийж байгаа томоохон ажлуудын эхлэл болгож Олимпийн гудамжаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух "Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц" барих юм.

Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 1.6 жилийн хугацаатай Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо. Олимпийн гудамжаар цагт 2500-3000, өдөрт 16-20 мянган автомашин зорчдог. Тиймээс гудамжны хөдөлгөөнийг хааснаар замын хөдөлгөөний ачаалал ихсэх аж. Эл ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд 2-3 газар түр гүүрүүд барих ажлыг судалж, шийдвэрлэх юм байна.
Дээрх гүүр Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгож, хөдөлгөөний ачааллыг бууруулах хамгийн тохиромжтой шийдэл болно гэдгийг албаныхан хэлж байна.
 
Үүнээс гадна энэ жил Зүүн дөрвөн замын уулзварт нүхэн, гүүрэн гарц, Яармагийн гүүрний ажлыг  хийж байгаа юм. Харин 2019-2020 онд 18-23 дөрвөн замын уулзваруудыг хоёр түвшний огтлолцолтой туннелийн системд шилжүүлэх аж.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра ярихдаа, “Замын цагдаагийн ойролцоо барих гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой. Гүүрэн гарц нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая доллараар хийгдэж буй юм. 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Түүнчлэн, Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хааснаар зарим чиглэл, хөдөлгөөнд өөрчлөлт орно. Орсон өөрчлөлтүүдийг ойрын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж иргэдэд мэдээлэл хүргэнэ. Home Plaza-аас Үндэсний Соёл Амралтын хүрээлэн өнгөртөл хаана. 13-р хорооллын дунд зам хаагдахгүй" гэлээ.

Төслийн хүрээнд барих гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 метрийн өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2017 – 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Связанные новости