“Тоон контентийн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрт санал авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тоон контент үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, контент үйлдвэрлэгчдийг урамшуулах зорилготой “Тоон контентийн хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөрт санал авч байна.
УИХ-ын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.2.39-д Монгол контент бүтээгчдийг дэмжих бодлого баримтална,
Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын 3.6.2-т Үндэсний тоон контент үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлнэ гэж тус тус заасан байдаг. Иймд дээрх эрх зүйн болон практик хэрэгцээ шаардлагыг үндэслэн тоон контент үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, уламжлалт соёлыг дэлгэрүүлсэн контент үйлдвэрлэгчдийг дэмжих, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Тоон контентийн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг боловсруулаад байгаа юм.
Тус хөтөлбөрийн зорилго нь тоон контент үйлдвэрлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэгдэх үндэсний тоон контент үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршиж байгаа. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд тоон контентийг үйлдвэрлэх, хамгаалах, дамжуулах, нийлүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчныг сайжруулах; тоон контент үйлдвэрлэгчийг чадавхжуулах, хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх; тоон контент үйлдвэрлэлийн дэд бүтцийг сайжруулах, шинэчлэх; тоон контент үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжих, урамшуулах гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэх юм байна. /Хөтөлбөрийн төсөлтэй http://cita.gov.mn/?p=10840 холбоосоор орж танилцах боломжтой/
Хэрэв уг хөтөлбөрт саналаа ирүүлэх бол Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Ч.Болор-Эрдэнэтэй bolorerdene@cita.gov.mn, 319546, 88847441 гэсэн цахим хаяг, дугаараар холбогдох боломжтой юм байна.
Н.Туяа