НИТХ-ын дарга С.Амарсайхан Казах иргэдэд хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-21 17:35:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казах түмэн жил бүрийн гуравдугаар сарын 22-нд буюу өдөр, шөнө тэнцэх өдрөөр Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярын хүрээнд Налайх дүүргийн казах иргэд өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Баярын хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан болон дүүргийн удирдлагууд оролцлоо. Тус дүүрэгт анх 1931 онд хөдөлмөрийн гэрээгээр казах иргэд ирж оршин сууж эхэлсэн бөгөөд одоогоор нийт хүн амын 12 хувийг  Казах иргэн эзэлдэг байна. Тэдний ихэнхи нь Налайхын уурхайгаас  ажил, амьдралын гараагаа эхэлсэн бөгөөд соёл,урлаг спортын олон алдартнууд, хөдөлмөрийн баатрууд төрөн гарчээ.
Харин өнөөдөр спортын мастер 2, онц тээвэрчин 4, Боловсролын тэргүүний ажилтан болон зарим салбарын тэргүүний ажилтнууд шинээр төрөн гарлаа.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Казах түмний өв уламжлал, соёл иргэншил, хамгийн том илэрхийлэл болсон хаврын баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Налайх дүүрэг бол нийслэл хотыг олон арван жил илч гэрлээрээ хангаж ирсэн түүхтэй билээ. Энэ дүүргийн хөдөлгөгч хүч болсон Налайхын их уурхайн үе үеийн хөдөлмөрч, ажилч хичээнгүй олон мянган уурхайчдын дунд казах түмэн та бүхний төлөөлөл болсон шилдэг уурхайчид ажиллаж, хөдөлмөрлөж байсныг зориуд цохон тэмдэглье” гэлээ. 
 
Связанные новости