Б.Индра: Усны судал, ундарга дайрах учраас нүхэн гарц барих ямар ч боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-03-30 11:34:04
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра энэ хавар эхлүүлэх  Замын цагдаагийн гүүрэн гарцын асуудлаар тодрууллаа.

-Бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Энэ онд хийх томоохон бүтээн байгуулалтын нэг бол Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарц. Энэ ажлыг хэзээ эхлүүлэх вэ? 

-2018 онд хэрэгжүүлэх томоохон ажлын нэг бол Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарц юм. Барилгын ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ. Нийт 96 тулгуур  багана бүхий  олон улсын стандартад нийцсэн гүүр барих юм. Зүүн хойд тал буюу үндсэн гүүрнээс Нарны зам руу холбох  8.5м өргөнтэй хоёр эгнээ гүүр барина. Нийт 15 у/м гүүр, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто замыг үндсэн гүүрэнд холбож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр байна. Мөн  Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр хоёр эгнээ нийт 400у/м, 237 у/м тулц ханатай байх юм. Түүнчлэн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетонон гүүр барина.Уг гүүрний бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх байсныг ерөнхий гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцсоны үндсэнд хүн хүч техник хэрэгслийг нэмэгдүүснээр 1.6 жил болгож хуваарьт төлөвлөгөөг баталсан. Нарны замын урд хорооллын хөдөлгөөн зохион байгуулалтыг гүүрний барилгын ажилтай холбоотой босоо тэнхлэгийн замын 7 байршилд орц гарц нэмэх гол гудамж замыг хооронд нь холбох  ажлыг гүйцэтгэнэ. Одоо байгаа уулзвар нь зүүн тийш Нарантуул худалдааны төвийн уулзвар баруун тийш Энхтайвны гүүр, хойшоо Гадаад харилцааны яам, урагшаа "HOME Plaza" хүртэл түгжирдэг. Төмөр замтай уг автозам нь нэг түвшинд огтлолцдог байсны улмаас осол аваар гарах, амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл маш их гардаг. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг хийснээр дээрх асуудлыг бүрэн шийднэ.

-Уг гүүрэн гарцыг өндөр үнээр хийж байхаар нүхэн гарцыг хэд дахин хямд үнээр хийх боломжтой гэсэн яриа яваад байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл түгээж, олон нийтэд буруу ойлголт өгч байна. Замын цагдаагийн уулзварт нүхэн гарц барих  боломжгүй. Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт нүхэн гарц гаргах зураг, ТЭЗҮ-г хийгээгүй. Мөн нарны замын урдуур Туул коллектор, төв магистрал шугам явж байдаг. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн уулзварын урдах төмөр зам доогуур төв магистрал шугам болон усны судал явж байгаа гэсэн үг.

-Та үүнийгээ тодруулж тайлбарлахгүй юу?

-Сөрөг урсгалаар 4 эгнээ зам бүхий нүхэн гарц хийж, түүгээр нийтийн тээвэр, том оврын автомашин зорчуулахын тулд 7-10 м газар ухаж байж сая нэг нүхэн гарц хийх боломж бүрдэнэ. Гэтэл тус газарт маш том усны судал, ундарга байдаг. Ийм учраас нүхэн гарц хийх нь ямар ч боломжгүй. Нөгөөтэйгүүр нүхэн гарцын замын дагуу налууг алсаас хийх ёстойг. Алсаас хийхийн тулд урагшаа Дүнжингарав болон Оддын хотхоныг нурааж байж л хийх боломжтой. Тиймээс боломжгүй зүйлийн талаар ташаа мэдээлэл гаргаж болохгүй.

-Гүүрэн гарцын зургийн ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-Замын цагдаагийн гүүрэн гарцын зургийн ажил 2012 онд буюу өмнөх Засгийн үед хийгдсэн. Энэхүү  зургийн дагуу бид  инженерийн шугам сүлжээ бусад ажлыг нягталж, ирэх сарын 1-нээс эхний ажлаа хийхээр төлөвлөөд байна.

-Бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй холбоотой зам хаана гэсэн. Энэ тухайд?

-Зүүн дөрвөн замын бүтээн байгуулалт, Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил энэ онд эхлэхээс гадна нийслэлд инженерийн шугам сүлжээний ажлууд төвийн бүсэд өрнөх юм. Тиймээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэнэ. Үүнийг мэргэжлийн байгууллагынхан хэлэлцэж энэ зуны бүтээн байгуулалтын явцад хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ гэж үзээд “автомашины дугаарын тэгш сондгойгоор хязгаарлая” гэсэн саналыг иргэдийн дунд явуулсан. Зарим иргэн хязгаарлалтыг буруу ойлгон эсэргүүцэж байх шиг байна. Хязгаарлалт Бага, Их тойруу буюу хотын төв хэсгээр мөрдөгдөж, бусад хэсэгт үйлчлэхгүй. Мөн тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт зөвхөн бүтээн байгуулалтын барилгын ажил үргэлжлэх хугацаанд явна гэдгийг  ойлгох хэрэгтэй. 

 
Связанные новости