Б.Цэрэндоржийн гудамжийг унаган төрхөөр нь хадгалж үлдээхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-05 13:25:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд газар доорх байгууламж бүхий барилга барихыг эсэргүүцэж өнөөдөр “Улаанбаатарын иргэдийн форум, “Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг”, “Монголын архитектуруудын эвлэл”-ээс мэдээлэл хийв.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/501 тоот захирамжаар Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 1.7 га газрыг газар доорх үйлчилгээний байгууламжийн зориулалтаар  НЗДТГ-т эзэмшүүлэх эрх олгожээ. Улмаар тус хэсэгт “Автомашингүй гудамж” байгуулж, газар доорх байгууламж, болон үйлчилгээний зориулалтын барилга барих болсныг эсэргүүцэж буй юм. Энэхүү захирамж нь түүхийн дурсгалт газрыг сүйтгэхээс гадна НИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сард тогтоосон нийслэлд барилгажиж болохгүй талбайн жагсаалт болон Газрын тухай, Хот, суурин газрыг дахин сэргээх тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгааг хуульч Д.Батсүх мэдээллийн эхэнд онцлов.

Улаанбаатар бол Монгол улсын түүх, нийгэм, эдийн засаг, соёлын төв юм. Тиймээс нийслэлийн түүхийн дурсгалт газар болон соёлын өвүүдийг хамгаалах ёстой гэдгийг “Улаанбаатарын иргэдийн форум”-ын тэргүүн, ая зохиогч, продюссер Б.Долгион дурьдлаа.

Тэрбээр, “Москва, Парис зэрэг томоохон хотууд түүхийн болон соёлын дурсгалт газруудаа хамгаалж, тухайн хэсэгт бүтээн байгуулалт хийхийг хориглодог. Б.Цэрэндоржийн гудамжинд хуучны байшингуудаас гадна “Битлзийн хөшөө” бий. Шинээр тохижуулахаар болсон зураг төсөлд нь энэ хөшөөг оруулаагүй байсан. Шинэ бүтээн байгуулалт хийх гэхээр эсэргүүцлээ гэх хүмүүс байна. Бүтээн байгуулалт хийхдээ хуучнаа үгүй хийж болохгүй. Баянхошуунаас эхлээд бүтээн байгуулалт хийх боломжтой олон газар бий. Сүүлийн үед “хотын соёл” гэх ойлголтын талаар ихээхэн ярих болсон. “Битлзийн хөшөө”, Б.Цэрэндоржийн хөшөөг буулгаж, залуучуудын амрах, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг үгүй хийх нь хотын соёл биш. Энэ бол томчуудын мөнгө хийх гэсэн арга. Тиймээс энэ гудамжийг унаган төрхөөр нь хадгалж үлдэхийг шаардаж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/501 тоот захирамжийг эсэргүүцэж Монголын архитекторуудын эвлэлээс мэдэгдэл гаргасан байна. Б.Цэрэндоржийн гудамж нь архитектор орон зайн зөв шийдэлтэй, олон нийтэд зориулсан түүхэн гудамж гэдгийг мэдэгдэлд дурьдаад хуучин өнгө төрхийг нь сэргээн засварлахыг шаарджээ. Түүнчлэн Монголын барилгын үндэсний ассоциацыг уг төслөөс татгалзаж, шинээр хийх бүтээн байгуулалтаа нийслэлийн алслагдсан хороод, дэд төвүүдэд чиглүүлэхийг уриалжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр буюу энэ сарын 04-нд Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг хуучин хэвээр нь хадгалан үлдэх, тохижуулах талаар А/291 тоот захирамж гаргасан. Уг захирамж нь бодит байдалтай төдийлөн нийцэхгүй байгааг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн А.Саруул хэллээ. Тэрбээр, “Нийслэлийн Засаг даргын захирамжийн төгсгөлд “Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангасан, орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу тохижуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний үүрэг болгов” гэсэн байна. Хуучин төрхийг хадгалах бол орчин үеийн архитектур төлөвлөлт гэх тодотгол шаардлагагүй” гэв.

Түүнчлэн “Б.Цэрэндоржийн өргөн чөлөөг унаган төрхөөр нь үлдээх иргэдийн төлөөлөл” хөдөлгөөний гишүүн Б.Цацрал, “Бид хотын хөгжлийг, бүтээн байгуулалтыг гацаахын тулд эсэргүүцээгүй. Улаанбаатар хотод иргэд нь амарч зугаалдаг, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг, агаарын бохирдол багатай цөөн газрын нэг нь энэ гудамж. Тиймээс энэ газрыг унаган төрхөөр хадгалж үлдэхийн төлөө тэмцэж  байгаа юм. Өчигдөр гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамжинд бид хяналт тавина. Өөрөөр хэлбэл, оршин суугчдын хяналтан дор уг гудамжны унаган төрхийг сэргээх ёстой. Энэ нь цаашид Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалтуудын сайн жишиг болох юм. Мөн унаган төрхийг сэргээх чиглэлд хийж буй ажлуудын талаар иргэдэд тогтмол мэдээлэл өгөх болно” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости