“Гуравдугаар сарын шилдэг тамирчин”-д өрсөлдөгчдийн нэрс тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-10 14:41:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос 2018 оны “Гуравдугаар сарын шилдэг тамирчин”-д нэр дэвшсэн тамирчдыг олон нийтэд зарлалаа.

Тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор МҮОХ-ноос –“Сарын шилдэг тамирчин”-г тодруулдаг уламжлалтай.

Өнгөрсөн “Гуравдугаар сарын шилдэг тамирчин”-д Киргизийн нийслэл Бишкект болсон Ази тивийн АШТ-д түрүүлсэн, гавьяат тамирчин П.Орхон, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-д аваргалсан гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Японы Такасаки хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг нэр дэвшжээ.

Мөн тэдэнтэй жүдогийн Екатеринбургийн “Их дуулга”-д алтан медаль хүртсэн ОУХМ Ц.Цогтбаатар, мэргэжлийн сумогийн Харү башёд түрүүлсэн Их аварга Какүрюү М.Ананд тус тус нэр дэвшсэн байна.

МҮОХ-ны зохион байгуулсан энэ шалгаруулалтын анхны сарын шилдэг тамирчин П.Орхон дөрөв дэх удаагаа нэр дэвшээд байна. Сарын шилдэг тамирчинг спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг.

Санал хураалт дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хоёр өдрийн дараа ялагчийг албан ёсоор зарладаг.

Д.Өлзий
Связанные новости