У.Хүрэлсүх: Гашуунсухайт-Ганцмодны боомтын асуудал хоёр орны стратегийн түншлэлд зарим талаар сөрөг нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-12 15:50:16
Баяннуур /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотод үргэлжилж байна.

Монгол Улсын урд хилийн Гашуун сухайт боомттой залгаа тус хотод хийж буй айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ӨМӨЗО-ны Намын хорооны дарга Ли Жи Хэнтэй уулзалт хийж, Монгол, ӨМӨЗО-ны харилцаа хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар ярилцав. Тэр дундаа хоёр орныг холбож буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт болох Ганцмод-Гашуун сухайт боомтын талаар санал солилцсон нь онцлог байсан юм.
 
Намын хорооны дарга Ли Жи Хэн уулзалтын үеэр “Хоёр орны олон жилийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтын дүнд автозам, төмөр зам, боомтын бүтээн байгуулалт нэлээд амжилт олсон. Гэвч цаашид үргэлжлүүлэн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай. Ялангуяа зарим боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулснаар хил нэвтрэх чадварыг сайжруулах юм. Жишээ татахад Ганцмодны боомтоор хил нэвтэрсэн бараа, бүтээгдэхүүн 2017 онд 18 сая тонн байсны 17 сая тонн нь Монгол Улсаас оруулсан нүүрс байсан” гээд цаашид Ганцмодны боомтын хамтын ажиллагаанд тулгуурлан хоёр улсын уул уурхай, эрчим хүчний туршилтын бүсийг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийг Эрээн-Замын-Үүдэд байгуулах ажлыг түргэтгэхийн тулд ойрын хугацаанд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ байгуулах шаардлагатайг онцолж байв. Үүнээс гадна хоёр талын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хятад-Монголын экспог тогтмолжуулах, Монгол Улсын гэр хорооллын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох зэрэг хамтын ажиллагааг бодитоор эрчимжүүлэх шаардлага, боломж байгаа талаар ярив. 

 
Хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ӨМӨЗО-ны Хамтын ажиллагааны гол механизм болох Монгол Улсын Гадаад харилцааны яам, Ардын засгийн газар хоорондын Байнгын хорооны ээлжит зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод зохиох болсныг хэлээд, уулзалтын үр дүнг дээшлүүлэхийн тулд хоёр талаас харилцан хичээх хэрэгтэй гэлээ. Мөн "Замын-Үүд, Эрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахаар болсон. Засгийн газар хоорондын хэлэлцээрт сая гарын үсэг зурсан энэ бүсийн ажлыг түргэтгэх хэрэгтэй. Үүнээс гадна хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Монгол, Хятадын уул уурхайн бүтээгдэхүүний гол орц, гарц болсон Гашуун сухайт, Ганцмодны боомтод нүүрсний тээвэрлэлтийн урт дараалал үүсч, худалдаанд тодорхой хүндрэл учруулах байдал гардаг. Тиймээс энэ удаагийн айлчлалаар тусгайлан Гашуун сухайт, Ганцмод боомттой биечлэн танилцахаар болсон. Тус боомтод гацаа үүсч, худалдааны эргэлт буурсан нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаанд зарим талаар сөргөөр нөлөөлж байна. Си Жиньпин дарга уулзалтын үеэр Хятадын импортын хэмжээг нэмэгдүүлж Монголоос жилд 30 сая тонноос дээш нүүрс экспортолно гэдгээ илэрхийлсэн. Энэ зорилтыг хэрэгжүлэхэд хоёр тал хамтран хүчин чармайлт гаргах ёстой. Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Баяннуур хотын Ардын засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажилд талархалтай хандаж байна. Гэхдээ Гашуун сухайт, Ганцмодны боомтод үүсээд буй хүндрэл бэрхшээлийг хоёр тал ярилцаж шуурхай шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Хоёр тал үүнд анхаарал тавьж, аль аль талдаа хүндрэл гаргахгүй, бизнес эрхлэгчдэд саад тотгор болохгүй хамтарч ажиллах нь чухал гэж үзэж байна” гэлээ.
 
Дарга Ли Жи Хэн нүүрсний экспортыг 30 сая тонноос дээш байлгана гэдэг нэлээд том тоо, энэ хэмжээнд хүргэхэд цуцалтгүй чармайлт гаргах ёстой. Бид бодит үйл ажиллагаагаараа хоёр орны ард түмэнд бодит тус хүргэнэ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, боомтуудын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд маш их хүчин чармайлт гаргахаа илэрхийлсэн юм.  
 
Дараа нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот, Монгол Улсын Өмнөговь аймгийн хамтын ажиллагааны санамж бичигт  гарын үсэг зурах ёслол болов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаа, Замын тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тэргүүтэй УИХ, Засгийн газар, агентлагийн төлөөлөгчид оролцлоо.    

Ерөнхий сайд Баяннуурт ажиллах үеэрээ хүнсний “Цо Юань Хун Бо” ХХК болон Баяннуур хотын хөдөө аж ахуйн үзэсгэлэнг үзэв. Тус хүнсний үйлдвэр нь мал нядалгаа болон мах, сүүн бүтээгдэхүүний боловсруулалт хийдэг.



ӨМӨЗО-ны баруун хэсэгт байрладаг Баяннуур хот нь Монгол Улстай 396 км орчим хилийн шугамаар хиллэдэг, 1.7 сая хүн амтай, долоон хошуу, дүүрэгтэй аж. Хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлдэг, хотын голоор урсдаг Шар мөрний усыг түшиглэсэн Ази тивийн хамгийн том байгалийн урсацтай усжуулалтын бүс, амуу, хүнсний тос үйлдвэрлэх, байгалийн хүнсний түүхий эд, соргүй ноолуур самнах, наран цэцгийн үр, усгүйжүүлсэн хүнсний ногоо тариалах сууринтай аж. Органик ХАА-н бүтээгдэхүүнээ 80 гаруй улс, бүс нутагт экспортолдог байна. Экспортын өртөг нь ӨМӨЗО-нд 9 жил дараалан тэргүүлжээ.
 
Баяннуур хот нь Монгол Улстай холбох чухал зам тээврийн уулзвар, БНХАУ-ын “Арван хөндлөн, Арван гулд” ерөнхийлсөн зам тээврийн сүлжээний уулзвар бөгөөд Бээжин-Түвдийн хурдны зам, Бээжин-Шинжаан хурдны зам, Бугат-Ланжөүны төмөр замаар зүүн барууныг холбож, Үндэсний 242 улсын авто зам нь Ганцмод боомтоор өмнө орны Фан Чэнган далайн гарамтай шууд холбогддог бөгөөд “Бүс ба зам”-ын чухал цэг, хойд хилийг нээлттэй хөгжүүлэхэд чухал түлхэц хот юм байна.
Н.Гантуяа
Связанные новости