Орон нутагт сургуулийн цагдаа сайн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-03 11:47:53

Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн " School police" хөтөлбөр орон нутагт хэрэгжиж эхэлсэн. Амжилттай сайн ажиллаж аймгийн тоонд Архангай аймгийн сургуулиуд багтсан байна.

Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Эрдэнэбулган сумын төвийн ерөнхий боловсролын есөн сургуулийн орчинд хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор “School police” эцэг эхчүүдийн эргүүлийг 9-р сарын нэгнээс ажиллуулж эхэлсэн нь үр дүнгээ өгчээ. Тус есөн сургуулийн 40 бүлгийн сурагчдын 200 гаруй эцэг, эх сургуулийн орчинд сурагчдын гар утас, эд зүйл хулгайд алдагдах, дээрэмдүүлж хохирох, ахлах ангийнхан нь доод ангийн сурагчдаа айлган сүрдүүлж, мөнгө авах, бүлэг бөөгнөрөл үүсгэн бусдыг хэл үгээр доромжлох, үе тэнгийнхэн дундаа дарамт хүчирхийлэл үйлдэх, биед нь халдах зэрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлжээ.

Гэмт хэрэг өдөөж болзошгүй цугларсан 16 хүүхдийг тарааж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн дөрвөн жолооч, явган зорчигч 12 иргэнд анхааруулга, сануулга өгсөн байна. Цагдаагийн газраас "Билгүүн", "Ирвэс" лицей сургуульд хууль эрх зүйн туслалцаа үзүүлжээ. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ахлах байцаагч, хэсгийн байцаагч, томилгоотой жижүүрийн офицерууд сургуулийн орчинд эцэг эхийн  эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа байдалтай танилцан, байнгын хяналт тавин ажиллаж байна.

Ж.Батсайхан

Связанные новости