Төлөөс... /Сургамжит өгүүллэг/
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДХДХВ/ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөрт:
Түүнийг Гэрэл гэдэг. Хоёр сайхан хүүхэд, өөрийнх нь төлөө бүхнээ зориулах халамжит хань, ашиг өндөртэй бизнес гээд түүнд бусдын хүсдэг зүйл бүгд бий. Энэ жил 30 насны босго давж буй ч гуалиг сайхан биетэй, өтгөн хар сормуус, дүрлэгэр алаг нүдтэй, залуу насны цог жавхааг бүхэлд нь өөртөө шингээсэн дур булаам бүсгүй. Нөхөр нь ч хувийн бизнес эрхэлдэг, нийгэмдээ чинээлэг давхаргын нэгэн. Гэрлээд дутагдах зүйл үнэндээ үгүй. Гэвч.... тэр харин сэтгэл дотроо өөрөө ч бүрэн ойлгохгүй нэгэн нууцхан хүсэл тээнэ.
Яагаад гэдгийг мэдэхгүй ч Гэрэлээ энэ сайхан амьдралаас бүрэн дүүрэн сэтгэл ханамж авч чаддаггүй байв. Бусдын нүдээр харахад хорвоогийн хамгийн азтай бас жаргалтай эмэгтэй гэмээр ч түүний хувьд харамсалтай нь хангалтгүй байлаа.
Аав ээжийн гэрээс гарсан тэр үеэсээ л нөхөртэйгөө үерхэж, оюутны ширээнээс хөтлөлцөн амьдрал босгосон түүхтэй. Тиймээс түүний хамгийн нандин бүхэн нөхөр нь. Анхны хайр, анхны үерхэл, анхны бас цорын ганц эр хүн нь. Үнэлж баршгүй энэ сайхан түүх харин одоо түүний сэтгэлийн гүн дэх нууцхан гуниг, дургүй хүрэм харамсал болж... Учир нь Гэрэлээ сэтгэл дотроо нөхрөөсөө өөр хэн нэгнийг хүсч, өөр нэгнээс хайр энхрийллийг мэдрэхийг тэмүүлдэг болчихсон хэрэг. Тиймдээ ч Гэрэлээ “өөр хүн” гэх тэр адын хүсэлдээ цаг мөч, хугацаа өнгөрөх тусам шунан дурлаж, автсаар. Гэрэлээд гэхдээ “өөр хүн”-тэй сээтэгнэх нь бүү хэл таван үг солих зориг бас зүрх үгүй. Энэ ч шалтгаанаар өөрийг нь өдөн дуудах залуусаас харц буруулсаар өдийг хүрсэн байв.
Тэр нэгэн жирийн л өдөр Гэрэлээ ажил дээрээ урьдын адил эртлэн ирж, өнөөдрийн уулзалтуудаа нягтлан харж суув. Онц гойд гэх нэг ч зүйл үгүй. Харин үдийн цайны дараа туслах нь түүнд нэгэн уран бүтээлч өөртэй нь уулзахаар ирснийг дуулгалаа. Гэрэлээ ч тээнэгэлзсэнгүй “оруулчих” гэж хариулаад өрөөндөө буруу харан тайлан тооцоо эргүүлж суув. Үүд дуугаран намуухан хөлийн чимээ түүний ширээ рүү ойртон ирэхэд Гэрэлээ эргэн хараад өөрөөс нь ганц хоёр л ах болов уу гэмээр цэвэрхэн цагаан царайтай, өндөр, нүдэнд дулаахан залуу цоргих шиг ширтэн зогсож байхтай харц туллаа. Гэрэлээд тэрхэн хооронд “Яасан сайхан залуу вэ” гэсэн бодол харван орж ирсэн ч бодлоосоо ичихдээ тэр дороо харц буруулан, сандалд суухыг уриад ямар хэргээр явааг нь асуув. Харин залуу түүнийг ажигласан уу гэлтэй хэсэг зогсож байгаад үл ялиг инээмсэглэн сууж, өөртэй нь хамтарч сурталчилгаа хийлгэх хүсэлтэй байгаагаа алгуур тайлбарлав. Гэрлээ анхааралтай сонсож байгаад судалж үзэхээ амлан, нэрийн хуудсыг нь авахдаа харин сэтгэл доторх үл мэдэг хонх цохилон байгааг бүүр түүр анзаарав. Тэр залуу бол саяхан хоёр ч бие даасан үзэсгэлэнгээ гаргасан, өсч дэвжиж байгаа зураач байлаа. Өндөр цэх биетэй, өргөн мөр, ханхар цээжтэй, гил хар үсээ үл ялиг ургуулан унжуулсан, бага зэрэг онигордуу нүдтэй ч өөртөө зохисон гярхай харцтай, зураачид л байдаг болов уу гэмээр цэвэрхэн гартай тэр залууг төсөөлөлдөө ургуулан Гэрэлээ хэдэн өдөр бодол болон суув. Тэгж тэгж нэг өдөр тэсгэлгүй утас цохин гэрээ байгуулах саналыг хүлээж авснаа хэлж уулзалт товлолоо.
Намуухан хөгжим эгшиглэсэн буйдхан зоогийн газарт зураачтай ажил хэргээ хэдхэн минутанд багтаан ярилцаад, хамтарч ажиллах болсноо тэмдэглэн дарс тулган суув. Нөхрөөсөө өөр залуутай дарс шимэн, хөнгөмсөг сэдвээр эрээ цээргүйхэн ярилцаж суух тэр мөчид Гэрэлээгийн дотор нуугдаж байсан адын хүсэл нь улам эрчилсээр. Уух дарс толгойд гарч Гэрэлээ зураачийн өмнө ажил хэрэгч, даруу төлөв гэрийн эзэгтэйн бус харин аальгүй бүсгүйн дүрд орон удтал ярилцлаа. Зоогийн газраас гарах үед зураач өөрийн урлангаа сонирхуулах санал гаргахад халамцаж, хөөрсөн бүсгүй татгалзалгүй дагаж явав. Харин тэр шөнө Гэрэлээ гэртээ харьсангүй.
Гэрэлээ өөрийн мэдэлгүй сэтгэл зүрх, шунал хүсэлдээ автагдан өдөр бүр зураачтай уулзаж, олны нүдэнд ч харагддаг болж байлаа. Олон хавар нэгэндээ гэгчээр нөхөр нь ч түүний амрагийн явдлыг олж мэдэв. Гэрэлээгээс эр хүний ёсоор энэ явдлаа зогсоохыг гуйж, алдсан бол засч болдгийг сануулан аргадах, гуйх, шаардахын дундуур хичээнгүйлэн хүсч байв. Гэсэн ч Гэрэлээ өөрийгөө татаж чадсангүй. Нөхрийнхөө тэгэх бүрт дур нь гутаж, аз жаргалтай амьдралынх нь өнгө будаг саарлаар солигдож, хурдхан холдож явах адын хүсэлдээ дийлдсээр. Эцэст нь нөхөр нь сонголтыг Гэрэлээд үлдээж түүнийг явуулав. Харин одоо Гэрэлээд торноос ниссэн шувуу мэт хөөрөн догдлох, баярлан цэнгэх мэдрэмж төрж, зураачийн гэрт очихоор яаран алхана. Түүний орхиод гарсан тэр хаалганы цаана хар залуугаасаа ханилсан халамжит нөхөр нь, хэвлээсээ төрүүлсэн хайртай хоёр үр нь үлдэж байгааг тэр бодохыг ч хүссэнгүй алхсаар.
Зураачийнд очсон эхний өдрүүд яг л түүний хүссэнээр, эрх дураараа, хорио цээр, эмх журамгүй, зөвхөн зугаа цэнгэлээр хэмжигдэж байв. Харамсалтай төд удалгүй зураачийн мөс чанар аажмаар цухалзах болов. Гэрэлээ эхлээд анзаарахгүйг хичээсэн ч зураачийн утсанд зогсоо зайгүй ирэх дуудлага, мессеж, найр цэнгэлийн тасралтгүй ирэх урилга, шөнө дунд хаалга тогшин согтуурах хүүхнүүдээс зураач зөвхөн өөртэй нь биш өөр олон амрагтай гэдгийг мэдэрч байв. Ингээд зогсохгүй байнга архи, дарсанд шунаж, эсвэл мансууруулах бодис хэрэглэн мансуурч согтууран суух дуртай нэгэн гэдгийг таньж эхлэв. Хамаг бүхнээ орхин өөрийнх нь өврийг зорин ирсэн залуу нь ийм дүр зураг түүнд үзүүлж эхлэхэд Гэрэлээ тэсгэлгүй уурлаж, гомдон зураачид үг хаяж, хэрэлдэх ч боллоо. Харин нэг их хугацаа өнгөрөлгүй Гэрэлээ хэвтэрт ортлоо зодуулж, мансуурсан донтогчийн гарын “шүүс” болох нь тэр. Дөрвөн хоног ухаангүй хэвтсэний дараа сая нүдээ нээхэд Гэрэлээ зураачийнд биш эмнэлгийн өрөөнд, зураачаар биш нөхрөөрөө гараа атгуулаад хэвтэж байв. Юу болсныг бүүр түүрхэн санах гэж хичээв ч хэдий үед ухаан алдсан, хэр удаан энд хэвтсэнээ огтоос санаж чадалгүй, харин оронд нь толгой нь заадал ясаараа салах гэж байгаа мэт өвдөж байв. Нөхөр нь түүнийг 23 хоног эмнэлгийн өрөөнд нэг ч хором орхилгүй сахиж, асран байсаар хөл дээр нь босгож, хоёр гар дээрээ өргөн гэртээ авч очив. Гэрэлээд тэр гэрт, тэр хүмүүс дээр очих нүүр, зүрх ер нь юу ч байхгүй байсан ч өөр очих газаргүйгээ мэдрэн хэмжихийн аргагүй харамсал тээсээр хаалгаараа орсон юм.
Дахиад хэд хоног хэвтрийн дэглэм сахиж бүрэн тэнхэрсний дараа харин Гэрэлээ юм бүхэн өөрчлөгдсөн байгааг анзаарч эхлэв. Нөхөр нь түүнийг халамжилж асрах ч урьдын адил хайр гэрэлтсэн нүд нь үгүй болсныг, хүүхдүүд нь ээжийнхээ өрөөгөөр орж гарах ч түүнд тэврүүлэн үнсүүлэхгүй байгааг зөнгөөрөө мэдэрлээ. Айх гайхах, балмагдах ичих зэрэгцэн байж Гэрэлээ шийдвэр гарган, нөхрөөсөө юу болсныг асууж шалгаан яриулж чадав.
Зураачийн гэрт хүрэл хөшөө мөргөж унаснаас хойш таван цагийн дараа шуудан хүргэгч түүнийг олж, цагдаад мэдэгдэн, цагдаа нөхрийг нь дуудан авч явсан байв. Зураач харин тэр үед эзгүй, эхнэр нь шалан дээр хагас нүцгэн цус алдан хэвтэж байхыг харснаа нөхөр нь зүрх шимшрэн ярив. Хамгийн харамсалтай нь..., хамгийн аймшигтай нь....., цусны шинжилгээгээр Гэрэлээ ХДХВ/ДОХ-ын халдвар авсан болох нь тогтоогдсон байлаа. Нөхөр нь энэ үгийг түүнд хэлэхдээ хоолойнд нь бул хар чулуу тээглэн ирээд арай ядан ярьж байгаа мэт хачин аяархан, хачин гунигтай хэлсэн юм. Нүднийх нь зовхинд нулимс дүүрэн ирж, хацар уруул нь татвалзан, өмнө нь хэзээ ч харж байгаагүй, тийм гэхийн аргагүй гуниг гутрал тээн суух нөхрийнхөө царайг хараад Гэрэлээ энэ үг худлаа биш юм гэдгийг зөн совингоороо мэдэрч, зүрхнийх нь угт ёгхийв.
Ямар их харамсал, ямар их гашуудал, ямар их хохирол вэ. Аз жаргал, баяр хөөрөөр баялхан, сайн хань, сайхан хүүхдүүдийнхээ дэргэд сэтгэл цадан суудаг байсан тэр бүсгүйд юу тохиолдох нь энэ вэ. Өнгөрснийг буцааж, алдааныхаа эхлэл дээр ганцхан хором ч болов очихын төлөө сүнсээ худалдахад Гэрэлээ бэлэн байв. Гэсэн ч... Тэр үүнийг хэзээ ч хийх боломжгүйгээ мэднэ.
Жаргалтай газар хүн тогтдоггүй, замагтай нууранд загас тогтдоггүйн адилаар хэн хүний хүсдэг бүхэн дэргэд нь байхад харин тэр өөрөө тамын хаалгыг татан орсон. Одоо түүнд харамсъя гээд сэтгэл хүрэхгүй, ухааръя гээд боломж үлдэхгүй болсныг ойлгож байв. Гэрэлээ эцсийн удаа хайртай ханийнхаа уруул дээр үнсээд, бүлтэгнэн зогсох хоёр үрээ элгэндээ тэврэхдээ гашуун үнэнтэй эвлэрч, зүрхэндээ цусаар уйлж байлаа. Гэхдээ тэр амьдарна, хэдэн жил ч хамаагүй амьдрах нь амьдарна. Харамсалтай нь одоо тэр орь ганцаараа... Энэ бол түүний төлөөс.
Сайн сайхан өв тэгш амьдралын дунд зөвхөн ганцхан удаа алдаж гишгэхэд түүний төлөөсөнд хожим юу ч төлж магадгүй. Хэчнээн сая, түмэн удаа харамсавч багадах хохирол ч амсаж болдог жишээ энэ гэлтэй. Алдаа ганцаддаггүй, алдаа багаддаггүй. Өнөөдөр үйлдэх нүглийн төлөөсөнд хүн та юу алдаж, юугаар хохирч болохыг хэзээ ч бүү тунгаалгүй орхиорой. Гэр бүлийн нандин харилцаа, үнэ цэнэ, үнэнч байдал ганц тохиох амьдралын тань ямар том багана байхыг хэзээ ч бүү мартаарай...
- Хүний дархлал хомсдлын вирусын /ХДХВ/ халдварын анхны тохиолдол Монгол Улсад 1992 онд бүртгэгдсэн ба 2015 оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ /Дархлалын олдмол хомсдол/-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэн байна. НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байгаа ба бусад тохиолдлуудын хувьд судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байна. ХДХВ-ын халдвартай хүмүүсийн 61.5 хувийг 25-39 насны залуучууд эзэлж байна. /Эх сурвалж Эрүүл мэнд, Спортын яам/
- Үүнээс гадна 2015 оны эхний 9 сарын байдлаар зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвар буюу тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчний 12220 тохиолдол бүртгэгдээд байна. Өвчлөгсдийн 64.4 хувь нь эмэгтэйчүүд, 35.5 хувь эрэгтэйчүүд, 44 хувь нь 15-24 насны залуучууд байгаа нь танд эрхгүй нэгийг бодуулах бизээ.
Н.Гантуяа