Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-25 21:52:46
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг орон нутагтаа хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Төлөвлөгөөг аймгийн ЗДТГ-аас боловсруулж, “Олон тулгуурт эдийн засгийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга хариуцлагатай, тогтвортой засаглалын бодлого”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван бодлогын хүрээнд 160 арга хэмжээг төлөвлөсөн байна.
Газар тариалангийн салбарт орчин үеийн өндөр хүчин чадалтай техник технологийг нэвтрүүлж, сум бүрт хүнсний ногооны төрөлжсөн зоорь, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, мах махан бүтээгдэхүүн экспортлох, хуурай сүү, арьс  шир , нэхмэл, сүлжмэл эдлэлийн үйлдвэр байгуулах,  Арвайхээр, Хархорин суманд нарны цахилгаан станц байгуулах гэхчлэн олон томоохон ажил төлөвлөөгөнд тусгагждээ. Энэхүү баримт бичгийн үр дүнд 2020 он гэхэд Өвөрхангай аймгийн хүн амын дундаж наслалт 71, амжиргааны дунджаас доогуур түвшний айл өрх 50 хувиар буурч 4250, малын өсөлт 6 сая, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 487 тэрбум зэрэг тоон үзүүлэлтэд хүрэх урьдчилсан дүн харагдаж байна. 
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгон өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, шударга ёс, сахилга хариуцлагатай, төрийн тогтолцоог бэхжүүлж улмаар хуримтлагдсан нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, иргэдээ ажлын байраар бүрэн хангаж, амьдралын түвшинг нь эрс сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас уг бодлогын баримт бичгийг баталсан ба Монгол Улсыг 2018-2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Энэ хүрээнд  дээрх төлөвлөгөөг боловсруулжээ.
Б.Батчимэг
Связанные новости