“Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” үзэсгэлэн нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-07 10:25:27

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны баярын өдөр Төрийн ордонд “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг нээж АН-ын дарга З.Энхболд, “Энэ жилийн намын баярыг бүтээн байгуулалтаараа тэмдэглэхээр болсон. Өчигдөр Увс аймагт очиж Улаангом хотод Гудамж төслийн ажлыг хүлээж авлаа. Баруун гурван аймгийн бензиний үнийг Улаанбаатар хотынхтой яг ижил болголоо. Баруун, зүүн талаар орж ирдэг татварын зохицуулалтыг Улаанбаатарынхаас бага болгосон учир бензиний үнэ буурч байна. Ирэх бямба гарагт Архангай аймгийн “Гудамж” төслийг хүлээж авна. Солонготын давааны замын ажлыг хүлээж авна. Өнөөдөр та бидний үзэж байгаа фото зургаар сүүлийн 25 жилийн хугацаанд юу хийж бүтээв гэдгийг харуулж байна” гэв.

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн хувьд Ардчилсан хувьсгалаас хойших Монгол оронд өрнөсөн бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт болоод Ардчилсан засаглалын үед хийж бүтээсэн, өнгө төрхөө өөрчилсөн ажлуудыг өмнөхтэй нь харьцуулсан байдлаар дэлгэн танилцуулж байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Өдгөөгөөс 15 жилийн өмнө буюу 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан билээ.

Б.Туул

Связанные новости