"Туулай хүүгийн адал явдал"-аас хүүхдүүдэд хичээл зааж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-07 11:44:29

Авлигатай тэмцэх газраас эрхлэн хэвлүүлсэн “Туулай хүүгийн адал явдал” номд дурдсан утга агуулгаар нийслэлийн ерөнхий боловсролын бага ангийн сурагчдад хичээл заах арга хэмжээг Монголын Сурагчдын холбоо, Лидер сурагч академийн оролцоо, идэвх чармайлтаар эхлүүлээд байна. 

Энэ хичээлийн жилийн хугацаанд “Туулай хүүгийн адал явдал” номыг зөв шударга амьдралын зан үйл, дадал хэвшлийг таниулах зорилгоор бага насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан үлгэрийн хэлбэрээр бүтээсэн юм. Уг ном нь шударга ёсны үзэл санааг заах арга зүй, гарын авлагатай тул сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдэд авлигын эсрэг хичээл заах боломжтой. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг “Өсвөрийн 333 сургагч багш” бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан шилдэг 40 сургагч хүүхэд “Туулай хүүгийн адал явдал” сэдэвчилсэн сургалтыг ерөнхий боловсролын нийт 86 сургуульд хийх юм. Эхний хичээлд нийслэлийн 111, 1, 5, 115, 67, 93 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагчдыг хамруулав. 
“Туулай хүүгийн адал явдал” ном бяцхан дүү нарын маань сонирхлыг маш ихээр татаж байна. Тэдэнд ийм чиглэлийн мэдлэг олгох сургалт тун чухал болохыг мэдэрлээ” гэж өсвөрийн сургагч багш Г.Мандах ярилаа. Уг номын зохиогч, Авлигатай тэмцэх газрын ажилтан Б.Туул “Авлигын нийгэмд учруулах хор хөнөөлийг ухуулан таниулах нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын нэг үндсэн чиглэл юм. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон бага ангийн сурагчдад зөв зан үйлийг хэвшүүлж, буруу үйлдлийг жигшүүлэх замаар шударга ёсны ойлголтыг өгөх нь авлигын хор хөнөөлийг мэдүүлэх хамгийн эхний алхам. Шударга ёсны сэдвээр цаашид дунд, ахлах ангийн сурагчдад зориулж сургалт явуулахаар төлөвлөж байгаа” гэв. 

Ж.Батсайхан

Связанные новости