"Төлчин хүүхэд -3" арга хэмжээг бүх суманд хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-03-30 22:40:16
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хүүхдүүдийг монгол арга ухаанд сургах, мал маллагаа, нүүдэлчин өв соёлтэй танилцуулах зорилго бүхий "Төлчин хүүхэд -3"  арга хэмжээ эхэллээ.

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хөгжлийн түлхүүр" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд дээрх арга хэмжээг 3 дахь жилдээ бүх суманд адил тэгш хэрэгжүүлэхээр 56 хүүхдийг хамруулж байна. Ханхонгор, Даланзадгад сумын малчин өрхүүд рүү 26 хүүхдийг монгол ёс заншил, мал маллах арга ухаанд сургахаар илгээгээд байна. 2019 оныг Өмнөговь аймаг "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил" болгосонтой холбогдуулан хамрах хүүхдийн тоог олон болгож "Төлчин хүүхэд" арга хэмжээг илүү үр дүнтэй, өмнө жилүүдээс суралцсан арга туршлагаар зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Тус аймагт оны эхний 1150,0 мянган хээлтэгчээс 3 дугаар сарын 28-ны байдлаар 255,7 мянган толгой хээлтэгч төллөж, ботго 7788, унага 233, тугал 196, хурга 114625, ишиг 133014 гарч, гарсан төл 100 хувь бойжиж, мал төллөлт 22,2 хувьтай байна.
Холбоотой мэдээ