Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөрийг өнөөдрөөс хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-02 17:11:42

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтыг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэх зорилгоор “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ.


Дэлхийн банкны санхүүжилтээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг, хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд ажилгүй, ажил хайж буй, ажил олоход хүндрэлтэй, мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулна. Мөн албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг чадамжийн үнэлгээнд хамруулан, гэрчилгээжүүлж, хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучилж, ажил орлоготой болоход дэмжлэг үзүүлэх юм.

Богино хугацааны сургалтаар эрэлттэй мэргэшил эзэмшүүлэхээс гадна хөтөлбөрт ажилгүй, ажил хайгч, мэргэшлийн түвшнээ ахиулах, өмнөх мэдлэг ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэд хамрагдах боломжтойг ХНХЯ мэдээлэв.  


Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажиллах хүчний хэрэгцээнд суурилан мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, уул уурхай, байгаль орчин аялал жуулчлал, зам тээвэр, мэдээллийн технологи гэсэн 8 салбарын 20 мэргэжлээр зохион байгуулах аж. 

Холбоотой мэдээ