С.Эрдэнэ: Ил тод байдлыг дэмжих тухай хууль FATF-ын эрмэлзэлд нийцэж байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-24 14:24:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс FATF-ын "саарал жагсаалт"-д орсон нь Ардчилсан нам биш, одоогийн хууль зүй, санхүүгийн салбарын сайд, дарга нарын буруугаас болсон гэж УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр мэдэгдэв. 


Монгол Улс FATF-ын "саарал жагсаалт"-д орсон нь Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарыг хянах механизм хэрэгжүүлээгүй, мөнгө угаах гэмт хэргийг олон төрлөөр мөрдөн шалгаж шүүхээр шийдүүлсэн байдал хангалтгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах, зөрчил гаргасан иргэнийг дахин үйлдэхээс сэргийлээгүй, хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тогтолцоо хангалтгүй гэсэн дөрвөн шалтгаантай хэмээн УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ хэллээ. Тэрбээр, "2015 онд батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” тухай хуулиар далд эдийн засгийг ил болгох, нуун дарагдуулсан хөрөнгийг ил болгож цаашид үнэн зөвөөр бүртгэх, татвараас зайлсхийх оролдлогыг таслан зогсоож Хууль зүйн сайдын хэлсэнчлэн Монгол улсад нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн 34 их наяд төгрөгийн хөрөнгийг ил гаргасан. Энэ нь эерэг үзүүлэлтээрээ FATF байгууллагын эрмэлзэлд чухамхүү нийцсэн хууль байсан. Хууль зүй, санхүүгийн салбарын удирдлагууд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, хууль, санхүүгийн хяналтын байгууллагын уялдаа холбоо, зохион байгуулалт нэн сул байсны улмаас буюу хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа биелүүлээгүйн улмаас Монгол Улс FATF -ын “Саарал жагсаалт”-д орсон" хэмээв.  


FATF-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2017 онд манай улсад анх удаа хийсэн үнэлгээгээр FATF-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул "Эрчимтэй хяналт"-д орсон байна. Монгол Улсад ажиллаж байгаа БНАСАУ-ын 1500 орчим иргэн авсан цалингаа улсруугаа явуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж байна гэж үзсэн зэрэг нь "саарал жагсаалт"-д ороход нөлөөлсөн гэж АН-ын дарга С.Эрдэнэ дурдлаа. 


Тэрээр цааш нь хэлэхдээ, Хууль зүйн салбарт FATF-аас дээрх асуудлаар 2017 онд сануулга өгч байсан ч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл нь FATF, APG-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулж ажиллаагүйг шүүмжлэв. 


Монгол Улс саарал жагсаалтад орсноор Рио Тинто Оюу толгойн төсөлд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байна гэж “Австралийн санхүүгийн тойм”-оор мэдээлсэн. Одоогоор 5.3 тэрбум ам.долларын гүний уурхайд нэмж 1.2 -1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа ч удаашрах, цаашлаад татрах магадлал байна. Бусад өөр томоохон төсөлд ч сөрөг нөлөөтэй гэдгийг тэмдэглэлээ. 

Холбоотой мэдээ