Хийн хоолой, төмөр зам зэрэг төслийг ажил хэрэг болгоход анхаарахыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-17 11:49:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Константин Косачевтай уулзав.


Уулзалтын үеэр сайн хөршийн найрсаг харилцаагаа худалдаа, эдийн засгийн өргөн агуулгаар баяжуулах, хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх нь чухал байгааг тэрбээр онцоллоо. Тэрбээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ноднин Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд чухал түлхэц болсныг тэмдэглэв. Түүнчлэн өнгөрсөн онд 80 жилийн ойг нь тэмдэглэсэн Халх голын дайны ялалт бол хоёр орны ард түмний хамтын ялалт, найрамдал нөхөрлөлийн бат илэрхийлэл болохыг онцлон дурдлаа. Мөн хоёр орны хооронд хийж буй худалдааны эргэлтийн тэнцвэрийг хангах нь чухал гэж үзэж байгаагаа хэллээ. Өөрөөр хэлбэл, Монголоос Орост экспортолж буй бараа, бүтээгдэхүүний хэмжээ Оросоос Монголд оруулж буй бүтээгдэхүүний нийт хэмжээнээс хэдэн арав дахин бага байгааг өөрчлөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. 


Мөн манай экспортын бараа бүтээгдэхүүний татварыг багасгах буюу нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамруулах, хийн хоолой, төмөр зам зэрэг томоохон төслийг хойшлуулалгүй ажил хэрэг болгоход Холбооны Зөвлөл онцгойлон анхаарна гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэв.


Ноён К.Косачев, “Би Монголд хайртай. Олон удаа танай сайхан оронд очиж байсан. Ах дүү ёсны хамтын ажиллагаа, дайны талбар, энх цагийн аль алинд гүн бат нөхөрлөлөөр гагнагдсан харилцаагаа энэ үед шинээр баяжуулан, хөгжүүлэх нь Та бидний үүрэг юм” гэлээ. Тэрбээр “Евразийн эдийн засгийн холбоо, Эдийн засгийн коридор зэрэг үр ашиг нь тодорхой, өгөөж нь их төсөлд Монгол Улс идэвхтэй оролцох нь чухал юм. Бидний хувьд ярьснаа хоосон орхихгүй гэдэгт итгэж болно. Дэвшүүлсэн, тохиролцсон асуудлаа заавал ажил болгоно” хэмээв.

Холбоотой мэдээ