Коронавирус Хятадын лабораториос тархсан гэх хувилбарыг шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-17 12:47:10

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний халдвар Хятадын Ухань хотын лабораториос тархсан байж магадгүй гэдэг хувилбарыг АНУ-ын тагнуулын алба шалгаж байна гэж “CNN” телевиз мэдээлжээ.


“CNN” телевизийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, АНУ-ын тагнуулын алба вирус анх тархсан голомтыг тогтоохыг оролдож байгаа бөгөөд “Уханийн лабораторид ямар нэг осол болсны улмаас эсвэл дээжтэй болгоомжгүй харьцаж хэн нэгэн халдвар авч, алдагдсан байж магадгүй” гэх хувилбарыг шалгаж байгаа аж.


АНУ-ын тагнуулын алба эцсийн дүгнэлтэд хараахан хүрээгүй байгааг “CNN” телевиз тэмдэглэжээ. Америкийн эрх баригчдад коронавирусийг зохиомлоор бүтээсэн эсвэл зориуд тараасан гэсэн нотолгоо байхгүйгээс гадна, халдвар "биологийн зэвсэг бүтээхтэй" ямар нэгэн байдлаар холбоогүй гэж үзэж байгаа юм. 


Коронавирусийг зохиомлоор бүтээсэн гэх хувилбар нь ямар ч нотолгоогүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч пүрэв гарагт мэдэгджээ. Тэрбээр Америкийн “Fox News” телевизийн мэдээлэлд тайлбар хийсэн байна.


Коронавирусний халдвар авсан “анхны өвчтөн” Ухань хотын лабораторийн нэгэн ажилтан байсан гэж “Fox News” телевизийн сэтгүүлчид нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээллээс иш татан лхагва гарагт мэдээлжээ. Сэтгүүлчдийн мэдээлснээр, лабораторийн ажилтан сарьсан багваахайгаас коронавирусний халдвар авч, харин дараа нь уг ажилтнаас Ухань хотын оршин суугчдын дунд халдвар тархжээ. Коронавирусний цар тахал эхэлснээс хойш 2 сая хүн халдвар авч, 140 мянга орчим хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ