Европын Холбоо Италиас хүлцэл өчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-17 12:21:34

БРЮССЕЛЬ. /TASS/. Коронавирусний цар тахлын нөхцөлд Италид цаг тухайд нь тусламж үзүүлж чадаагүйдээ Европын холбоо хүлцэл өчиж байна хэмээн Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен олон нийтэд мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Европын парламентын видео хэлбэрээр явуулсан чуулганы үеэр мэдэгдсэн байна.


“Иймэрхүү зүйлд хэн ч бэлтгэлгүй байсан нь үнэн. Италид хэзээ тусламжийн гараа сунгах ёстой байсныг мэдээгүй байсан нь ч үнэн. Энэ бүхнийхээ төлөө Европын холбоо гүнээ хүлцэл өчиж байна. Гэсэн хэдий ч уучлалт гэдэг хандлага өөрчлөгдсөн цагт л хүлээн зөвшөөрөгддөг зүйл. Бид хэдийнээ хандлагаа өөрчилсөн. Өнөөдөр бидний зүрх сэтгэл нэгэн хэмээр цохилж байна. Европын улс орнууд илүүдэл эмнэлгийн хэрэгслүүдээ бага гэлтгүй хэрэгтэй нэгэндээ өгч байна. Яг одоо би Европын иргэн гэдгээрээ бахархаж байна” хэмээн тэрбээр ярьжээ.


Түүнчлэн тэрбээр Европын холбоо зохисгүй үйлдэл гаргаж, гишүүн орнууд нь эв нэгдэлтэй байж чадаагүйд хэн буруутай болохыг хайж буй хүмүүст хандаж хэлэхэд энэ үйлдлээ даруй зогсоож, хямралтай тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалж байна гэжээ. 

Холбоотой мэдээ