Томоохон кино наадмуудыг нэгтгэн цахим арга хэмжээ зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-04-28 11:00:46

ВАШИНГТОН. /The Guardian/. Шинэ коронавирусний цар тахлын улмаас кинотеатрууд хаагдаж, Канн, Нью-Йоркийн кино наадмыг цуцлахад хүрсэн энэ үед дэлхийн 20 гаруй кино наадмыг нэгтгэж, цахим арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. 


Tribeca Enterprises” компани, “YouTube” цахим хуудаснаас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, “We Are One” хэмээх дэлхийн кино наадам Берлин, Канн, Сандэнс, Торонто, Трайбека, Венец зэрэг кино наадмыг хамрах ажээ. Энэхүү кино наадмаар кино, баримтат кино, дуу, хошин жүжиг, ярилцлагыг үзүүлэх төлөвтэй байгаа бөгөөд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.


Францад тавдугаар сард зохион байгуулдаг Каннын кино наадмыг цуцалж, есдүгээр сард болох Венец, Торонтогийн кино наадам болох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэний улмаас киноны студиуд шинэ уран бүтээлүүдийнхээ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд болон олон нийтэд танилцуулахад бэрхшээл учирсан юм.


"Бид “YouTube”-ийн арга хэмжээнд оролцож, дэлхий дахины уран бүтээлийн өнгө аяс, кино наадмуудын мөн чанарыг үзэгчдэд мэдрүүлэхээр болсондоо баяртай байна" гэж Каннын кино наадмыг зохион байгуулагчид даваа гарагт мэдэгджээ.


"Цар тахал дэгдсэн үед энэхүү арга хэмжээ дэлхий дахиныг нэгтгэж, урам зориг өгнө" гэж Нью-Йоркийн Трайбека кино наадмыг зохион байгуулагч Жейн Розенталь мэдэгдсэн байна. “We Are One”-д мөн Йерусалим, Мумбай, Сараево, Сидней, Токио, Лондоны кино наадам оролцох юм.


Ирэх тавдугаар сарын 29-нөөс эхлэн 10 өдөр үргэлжлэх  “We Are One” кино наадмыг үнэгүй дамжуулах хэдий ч “COVID-19” халдвартай тэмцэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санд хандив өргөхийг үзэгчдээс хүсэх ажээ. 

Холбоотой мэдээ